2009-11-30



Хайр гэж нэг иймэрхүү

Хэнийг ч биш зөвхөн чамайг л бодож
Хэнийг ч биш зөвхөн чамайг л зүүдэлж
Хэнийг ч биш зөвхөн чамайг л хайрлаж

Хэнээр ч биш зөвхөн чамаар л хайрлуулж
Хэнээр ч биш зөвхөн чамаар л тэврүүлж
Хэнээр ч биш зөвхөн чамаар л үнсүүлж

Хэнд ч биш зөвхөн чамд л итгэж
Хэнд ч биш зөвхөн чамд л зориулж
Хэнд ч биш зөвхөн чамд л эрхэлж

Хэзээ ч гуниггүй
Хэзээ ч шаналалгүй
Хэзээ ч хардалтгүй

Үүрд хоёулаа хамт байж
Үнэн ч сэтгэлээ нэгэндээ зориулж
Үүрдийн жаргалыг бүтээж

Хайрын дээдийг чамдаа л зориулъя
Хайрын хүчийг чамдаа л мэдрүүлье

Миний хайр ийм хүчтэй
Миний хайр ийм үнэнч
Миний хайр ийм Аугаа...

ЧАМДАА ХАЙРТАЙ
Ч.Бат-Отгон


Хүсэл
Өглөө ургасан наран шингэж
Үдшийн харанхуй газар авлаа
Өдөржин ажилсан бие ядарч
Үүрэглэн үүрэглэсээр орондоо орлоо
Өнөөдөр болсон зүйлээ бодсоор
Өдөн хөнжилдөө ороогдо хэвтэнэ
Өөр хэнийг биш зөвхөн чамайг бодсоор
Өр зүрхээ ганцаардуулан хононо
Зүрхээ ганцаардуулсан миний сэтгэл
Зөвхөн чамайгаа зүүдлэхийг хүснэ
Зүрхэндээ сайн бодож хоноод
Зүүдэндээ чамтайгаа уулзахыг хүснэ


Зөвхөн чамайгаа үнсэхийг хүснэ
Энэ бүгдийг чин сэтгэлээсээ хүснэ...
Ч.Бат-Отгон

холын хол хаа нэгтээ...

2009-11-29


Уйтгар

Санаа алдан уйтгарлан суухдаа би
Саруул шөнийн нам гүмээр хань хийдэг
Сэтгэлийн дотор эргэлдэх түм буман зүйлс
Сэмжин үүл мэт хөврөн үл дуусна
Толгойн дотор тойрон эргэлдэх мянган зүйлс
Тоог үл мэдэх одод мэт бужигналдана

Ганцаараа би уйтгарлан суухдаа
Ганцхан чамайгаа л бодон санаашран байдаг
Булбарай царайг чинь сэтгэлдээ төсөөлж
Бодлын гүнд автан байдаг
Хажууд байхгүй чинийхээ биеийг
Холын газраас хайрлан байдаг

Чамайгаа санан санаа алдахдаа би
Чангаас чанга хашгармаар болдог
Чинийхээ хөөрхөн инээмсэглэлийг бодож
Чин зүрхэндээ тайтгарал авдаг
Зөөлөн гарыг чинь атган суумаар байвч
Зөвхөн төсөөлөхөөс өөр зүйл хийж үл чадна


Хөөрхөн чинийхээ хайрын элчийг
Хажууд чинь байж мэдрэх юмсан
Санаа алдан уйтгарлан суухдаа би
Саруул шөнийн нам гүмээр хань хийдэг.
Ч.Бат-Отгон


Алсын чамдаа

Хүлээлгэлээ гэж би чамд гомдохгүй
Хүлээхийн жаргалыг сэтгэлээрээ амссан
Удлаа гэж би чамд тунихгүй
Угаас надад хайртайг чинь мэднэ
Амьдрал хэмээх далайгаас хайр гэдэг тороор чамайг би шүүрсэн
Ахин буцааж тавихгүйгээр шийдсэн

Буг бурханаас илүүтэйгээр өөрт чинь би итгэдэг
Бусдын нүднээс харамлаж хайрладаг
Хайртай гэж шивнэх тоолонд чинь
Халуун зүрх минь булгилан догдолж
Эргэлдэн эргэлдэн бүжмээр санагдана

Дөрвөн мөртүүд

Өнчин зүрх минь гансран байхдаа
Өөрийг чинь үгүйлдгээ чамдаа хэлий
Борхон зүрх минь шаналан байхдаа
Бодолд минь чи байдгийг хэлий

* * *

Зовлонд чи бүү цөхөр
Зорисон бүхндээ хүрж яв
Зогсолтгүй эргэх амьдралын дунд
Зорилгоосоо ухрах тэнэг хэрэг

* * *

Ариухан сэтгэлийн нандин үгээ
Алдрайхан чамдаа зориулан бичнэ
Асгарах нулимсаа цээжиндээ тэвчээд
Алаг зүрхэнд чинь хайраа мэдрүүлнэ
Хатаж гандсан зүрхээ нулимсаар норгоод
Хайрын дээдийг чамдаа зориулъя
Хатуу сэтгэлийг зөөллөх увидастай
Хайрын элчийг чамдаа бэлэгье
Би чамд хайртай...

* * *

Уйлмаар, нулимс дусаамаар
Утга учиргүй чаралмаар
Зүрхээ дарж чамайг бодмоор
Зүүднээсээ сэрэлгүй үүрд баймаар...

* * *

Бороо шиг асгарах цаг хугацаа
Бодлоос чимхэлж намайг гунихаруулахад...

* * *

Мэдээж би
Тэгээд чи
Бид хоёр
Аз жаргалыг бүтээнэ.

* * *

Зүрх минь эзэнтэй
Зүүд минь эзэнтэй
Итгэл минь эзэнтэй
Ирээдүй минь гэрэлтэй

Ч.Бат-Отгон

Хайрласан хайрын минь хэмжээг бүү асуу
Дэлхийгээс их
Хагацсан цаг минутын минь нулимсыг бүү хэмж
Далайгаас их

Буруугүй сэтгэл

Болзоонд яаруулсан сэтгэл буруугүй
Бороонд норсон зам буруугүй
Бодолд өнжсөн нүдэн буруугүй
Борхон зүрхний минь хайр буруугүй

Чамдаа яарсан сэтгэл буруугүй
Чанд холын мөрөөдөл буруугүй
Чиний минь сайхан нүд буруугүй
Чандмань ганцхан зүрх буруугүй

Жаргалд тэмүүлсэн сэтгэл буруугүй
Жаран холын мөрөөдөл буруугүй
Жаахан чиний минь нүд буруугүй
Жаргаах ганцхан зүрх буруугүй

Харцанд тэмүүлсэн сэтгэл буруугүй
Харваж одсон одод буруугүй
Хайранд өнжсөн нүдэн буруугүй
Харамлаж догдлох зүрх буруугүй

Уулзахад яарсан сэтгэл буруугүй
Уйлж зүсэрсэн тэнгэр буруугүй
Учирлаж харсан нүдэн буруугүй
Уярч догдолсон зүрх буруугүй

Хүслээн шингээх сэтгэл буруугүй
Хүршгүй холын м өр өөд өл буруугүй
Хүний сайхан н үдэн буруугүй
Хүрэн зүрхний хайлан буруугүй

2009-11-28


Би айж байна

Олон амьтны амь нөмөрсөн элдэв маяглалаас айж байна
Олон залуусын сэтгэлийг гижигдсэн ялдам айлаас айж байна
Олдсон ч амархан оддог андын нөхөрлөл хуурамч байхаас айж байна
Оосор бүчгүй өргөө гэр маань сэмрэн нимгэрэхээс айж байна

Хүлээсэн хайр хагацал болох вий гэхээс айж байна
Хүнлэг сэтгэл хатуужин шавар болохоос айж байна
Хүндэтээ байранд шуналтан шургалсанд айж байна
Хууль цааз хуурамч авлигийг төрүүлж байгаад айж байна

Хорт утаа хэвлий дэх үрсийг нь боомилж байгаад айж байна
Халуун сэтгэл хаашаа ч юм холдон одож ирэхгүй байхаас айж байна
Хүйтэн салхи хацар хайрахаас айхгүй байна
Хазгай хэлтнээр хайрт эх орон минь дүүрч байгаагаас айж байна

Гадаах харанхүй хүйтнээс айсангүй ээ би
Гал голомт минь тулгагүй болох вий гэхээс айж байна
Гэмгүй үрсийн агаарыг булаах соёл иргэншлээс айж байна
Гэгээн төрийн багана ганхан савалж байгаагаас айж байна

Бутанд хярсан туулай шиг монголын ирээдүй
Булт олноороо дайрах харь сэтгэлтэнээр дүүрлээ гэж үү
Буян нь арай ч барагдчихаагүйсэн дээ ээ халаг гэж
Бодол болон айсаар, чичирсээр л хэн ч биш байх юм гэж үү

Эх орон минь биднээс нэг л өдөр нүүр бууруулбал
Эх дэлхий минь биднээс нэг л өдөр алга бууруулбал
Бүхнийг хийх нь оройтсон байх тэр цаг хуацааг
Бид хэзээ ч харахыг үл хүснэм

Юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй цаг хугацаанаасаа ичиж байна
Юм юм хийх чадалтай эх орон нэгтнүүдээ уриалж байна
Айсаар л чичирсээр л байсаар
Алив бүхнээ түүх болгох юм гэж үү бид

Би айж байна

2009-11-22




Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Намрын нар шиг илчээрээ төөнөдөг
Навчин уруулаараа эвлүүлж хайр бэлэглэдэг
Намайг зүрхэндээ хадгалж хүлээдэг

Огт аниргүйн дунд ганцхан цэцэгс мэт
Огторгуйд дүүлэгч нар саран мэт
Өөр хэнийг ч хайрлаагүй хайраар
Өөрийг минь хайрлаж бас инээж угтдаг

Хүний гэгээн орчлонд бүсгүй хүн намайг хайрладаг
Хүслээн шившиж нар шиг төөнөдөг
Ариухан гэгээн хайраа бэлэглэж
Аз жаргал өгөөч гэх шиг бүртийж л үддэг

Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Нандин,дэндүү их хайраар шагнадаг
Нанчид шиг харцаараа согтоож хайрладаг
Найргийн онгод огшоож шүлэг бэлэглэдэг

Билгийн хур амилааж шүлэг чамдаан зориулж
Ботгон дүрээр мөнхөрч хайр даллан ирж
Бидэрт зүрхэнд үүрээ зассан шувууг
Би бас хайрлахгүй байж чадаагүй

Тэр намайг би түүнийгээ хайрласан
Тэр гэгээн бас эмзэгхэн хайр минь ээ
Наснаасаа эрт буурал суусан үсэнд минь
чи шингэж хайрласан
Нар эргэсэн духны олон хээнд минь
чи нуугдаж хайрласан


Өнгөрсөн олон өдрүүдийн цаанаас
чи шивнэж хайрласан
Өөр буруу тавилангийн өмнөөс
чи сөрж тэмцэж хайрласан
Дэргэд минь ургах уулс бай гэж
чи шившиж л хайрласан

Дэнжийн түмэн цэцгэнд хурын ус шиг
мэлмэрч хайрласан
Дөлгөөн буурал мөрөн голын урсгал шиг
долгиолж хайрласан
Дэмий ирээгүй нартад зүүгдэж зүрхэнд
уярч л хайрласан

2009-11-21

Би илэгдэж байна


" Би илэгдэж байна "
Нүдний хажуугаар урсан өнгөрөх цаг хугацаа
Намайг бага багаар илээж байна
Намрын салхинд навчис унах шиг
Намайг энэ цаг хугацаа нүцгэлж байна
Их бага ямар ч хугацаа өнгөрсөн
Энэ зүйл үл өөрчлөгдөнө
Эргэх хорвоогийн жам ёсоор урсахаараа л урсана
Ирээдүй болон өнгөрсний холбосон одоо
Эхлэл болон төгсгөлийг холбосон цаг хугацаа
Илээх зүйл байвал бүгдийг илээж дуусгана
Нүдний хажуугаар урсан өнгөрөх цаг хугацаа
Намайг бага багаар илээж байна
Ургал гол эрэгээ үргэлж идэж байдаг шиг
Урсах цаг хугацаа намайг идэж байна
Урьдах амьдарлаа мэддэг бол яаж илэгдэж дууссанаа мэдмээр
Урьдчилан харж мэддэг бол яаж илэгдэж дуусахаа мэдмээр
Хүний ертөнцийн жам юмдаа энэ илэгдэл
Хүж дэлхий хүртэл илэгдэж байхад
Хөөрхийлөлтэй энэ бие минь илэгдэх нь аргагүй
Хэр удаан илэглэхээ мэдэхгүйгээс хойш
Илэгджил байя дуусах байлгүй
Илээжил байя тавилан юм чинь
Нүдний хажуугаар урсан өнгөрөх цаг хугацаа
Намайг бага багаар илээж байна
Би илэгдэж байна.....



Нүцгэн үлдсэн бие минь газарт булагдаж дуусах нь үнэн
Нүлгэлгүй илэгдэж дууссан бол диваажинд заларх нь үнэн
Би илэгдэж дуусах нь үнэн...

холын хол хаа нэгтээ...
ГУНИГ
Үе үехэн санаа алдуулж
Өвөр ард минь ээрэх гунигийг
Өөр хаана ч биш
Дэрэн доороо чулуудчихаад
Үсээ задгайлж өөрийгөө гоёод
Үй олны дунд замхрая
Өнгө нь болж хаа нэгтээ уусая
Гарья гадаа
Ганц хором нь ч үнэтэй амьдралд
Гансарч суухын учир юусан
Гар халуун залуу насыг
Ганцаардуулж хөлхүүлхийн учир ч юусан
Гуниж өнгөрүүлсэн мөч бүр
Гудманд хаясэн эрдэнийн адил аа
Гундааж болохгүй залуу нас минь
Гуйгаад ч мөнхрөхгүй ертөнцийн хүрдээ
Амжиж хайрлая наран жаргахаас өмнө
Амжиж дурлая зүрх минь зогсхоос өмнө
Амжиж бүжье хөгжим өндөрлөхөөс өмнө
Амжиж амтлая амьдрал алдархаас өмнө
Гарья гадаа
Ганц л хүртэх амьдралыг
Жаргалаар цэнэглэе

2009-11-20


*** МИНИЙ ЭХ ОРОН***


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон

Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг

Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг

Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг

Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон

Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон

Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг

Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ

Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.
ЕРТӨНЦӨӨС УЙДАХЫН
Хамаг юмс сэтгэлийн чинь галбирыг эвдэж
Хамгийн үнэн гэсэн юм хувиран одно
Зөөлөн орчлонгийн аялгууг мэдрэх гэсэн
Зөн билэг,оюун сэтгэл цөм сарнин одно
Тодорхой сарны гэрэлд залуу охинтой янаглаж
Толгодын ногоон униарт сүмийн зүг алхана
Байсан юм байхгүй болсон тухай ерийн л үнэнийг хэлэлцэж
Бадаг шүлэг бичин амарч,хундага дарсыг шимнэ
Нуугдмал гоо сайхан,амтат уруулын шүлгээсээ би уйдаж
Нуруугаа авахуулсан морь шиг ертөнцийн төлөө зовниж
Чиний өнгөрүүлсэн он жилүүдийг дэн мэт асааж
Чичирхийлэх ертөнцийн анирыг зүрхэндээ сонсох болжээ
Лаа барьсан бүсгүй санаа алдан зөрөх шиг
Лавтайяа хээнцэр мэдрэмжээ үе үехэн алдана
Чиний захидлын мөрүүд зүүдэн дунд ч үзэгдэж
Чийгт өвсөн дээгүүр хөл нүцгэн алхлана
Үзэгдэхгүй өнгөрсөн сансрын хөлөг шиг нууцлаг
Үүлэн сүүдэр хүүшлэх намар цагийг л хүснэ
Хүсэл бодлоос минь гадуур бүх юм болж өнгөрсөөр
Хүүхний үнсэлт шиг зөөлөн хавар цагийг өнгөрүүлжээ
Өөрийнхөө нэрийг цээжлэн хотын гудамжаар алхаж
Өнгөрсөн цагаас зорин ирэх шинэ зовлонгоо угтана
Өнгө төгөлдөр нар шиг мэлтэшийн гэгээрэхээ хүлээж
Өдөр бүрийн зовлонгоо баяр баясгалантай эдэлнэ
Худал үгийг тэсэхгүй
Хуурамч чамайг би хайрлахгүй...
"""Зүүдний ертөнц"""
Зүүдний ертөнц манант гэгээ татуулан буухдаа
Зүрхний гүн дэх хөрсөнд хайрын үр цацахад
Харанхуй шөнийн аниргүйг шимэн үндэслэж
Хараад ханамгүй өнгийн цэцэгс дэлгэрнэ
Цэцэгсийн дэлбээнд мөнхийн ус шүүдэртэхэд
Цаг хугацаа цочихдоо хэмнэл алдан зогсоно
Цалгих сэтгэлийн гүн дэх чанад алсын мэдрэмж
Ертөнцийн гүнд дэх цэцэрлэгт гэрэл болон амирлана
Тэр цэцэгсийн өнгөнд энэ ертөнц бүдгэрхэд
Тэргэл саран дурлахдаа нууцлаг мэлмийгээ нээнэ
Галбир уран эрвээхий гэрэл зуран эргэлдэхэд
Газрын нар уярахдаа урсах мэт хээтнэ
Өнгө амилуулсан цэцэгс гэгээ цацаруулан яруусахад
Өөрийн эрхгүй мэдэрхүй сөгдөж хэмжээлшгүйн гүнд уусна
Үгээр хэлэхийн аргагүй төгс амгаланд хорогдохдоо би
Өөрийгөө тэнд орхичихоод өглөөг энд хоосорч угтмаар
Ц.Галбадрах