ЕРТӨНЦӨӨС УЙДАХЫН
Хамаг юмс сэтгэлийн чинь галбирыг эвдэж
Хамгийн үнэн гэсэн юм хувиран одно
Зөөлөн орчлонгийн аялгууг мэдрэх гэсэн
Зөн билэг,оюун сэтгэл цөм сарнин одно
Тодорхой сарны гэрэлд залуу охинтой янаглаж
Толгодын ногоон униарт сүмийн зүг алхана
Байсан юм байхгүй болсон тухай ерийн л үнэнийг хэлэлцэж
Бадаг шүлэг бичин амарч,хундага дарсыг шимнэ
Нуугдмал гоо сайхан,амтат уруулын шүлгээсээ би уйдаж
Нуруугаа авахуулсан морь шиг ертөнцийн төлөө зовниж
Чиний өнгөрүүлсэн он жилүүдийг дэн мэт асааж
Чичирхийлэх ертөнцийн анирыг зүрхэндээ сонсох болжээ
Лаа барьсан бүсгүй санаа алдан зөрөх шиг
Лавтайяа хээнцэр мэдрэмжээ үе үехэн алдана
Чиний захидлын мөрүүд зүүдэн дунд ч үзэгдэж
Чийгт өвсөн дээгүүр хөл нүцгэн алхлана
Үзэгдэхгүй өнгөрсөн сансрын хөлөг шиг нууцлаг
Үүлэн сүүдэр хүүшлэх намар цагийг л хүснэ
Хүсэл бодлоос минь гадуур бүх юм болж өнгөрсөөр
Хүүхний үнсэлт шиг зөөлөн хавар цагийг өнгөрүүлжээ
Өөрийнхөө нэрийг цээжлэн хотын гудамжаар алхаж
Өнгөрсөн цагаас зорин ирэх шинэ зовлонгоо угтана
Өнгө төгөлдөр нар шиг мэлтэшийн гэгээрэхээ хүлээж
Өдөр бүрийн зовлонгоо баяр баясгалантай эдэлнэ
No comments:
Post a Comment