2009-12-10



Б.Сарантуяа : ИЖИЙ ДИВААЖИН

Хайр хайранд уусах торгон агшинд
Хань хэвлийгээ илэх мяндсан эрхэнд
Жаргалын алтан торлог хэвлийд амирлаж
Жаалхан ижийдээ үржиж уяслаа

Үлгэрийн тэр ертөнцөд өдөр шөнө байдаггүй
Үйлийн үр зовлон гэж байдаггүй
Ариун ариуны билэгдэл тэр ертөнцөд
Аниргүйн элч, үр соёолно

Холбоо хоёр амь хорвоог уярааж урагшлана
Хонгор хонгор ижий
Хоног сарыг хүлээнэ

Амьдын тэр диваажингаас салж ядан хургана
Алтан алтан хаалгаар гарахгүй л баймаар санагдана
Буян нүгэл байдаггүй мөнгөн тэр өлгийд
Бурхадтай арван сар тонгочиход

Уяхан хонгор ижийн алга нь зөөлөрч бүүвэйлнэ
Усан цэнхэр замбуулинд би загас болон наадна
Хөөмийн уяхан дуугаар аргадаж дуудсан эх орон
Хөх яргуй шиг ижий минь яараад байсаан

Хоёр ариун амь аргадаж дуудаад байхаар нь
Хонгор үр би диваажингаас хүрч ирсэн
Үхэх төрөхийн заагт үйл дуудаж
Үлэмж сайхан ижийдээ эрхэлж орилсоор ирсэн

Тамир нь тасарсан ижий танан сүүгээ амлаж
Танхил охин үр минь, диваажин минь гэж шивнэсэн
Мэлмий тунгалаг миний диваажин
Мэндлэхэд хаалгаа хумьсан

Буурал хорвоогийн зарлигт захирагддаггүй
Бурхад харин тэнд үлдсэн
Элбэрлийн бүүвэй тасрахгүй аялах
Энэрэл хайр зогсохгүй ундрах

Элэнц хуланцаас бүтээсэн гайхамшигт диваажингаас
Эцэс төгсгөлгүй бид урсаж ирнэ
Орчлонгийн хүн бүхэн хэвлээсээ өндийдөг
Оройн дээд Ижийд диваажин байдаг

No comments:

Post a Comment