***Эх орон***
Нуруун дээр минь нар мандаж
Элгэн нутаг шаналахын зовлон тээж байна
Нууцхан эмзэглэл тархиар нэг хэсүүчилж
Энгэр дээр минь адуун сүрэг хуйларч байна
Эмзэглэл бүхнээрээ чөдөр зангидаж
Эх орноо би бүтэн үлдээх гэсэн юм
Уул усаа гэсээр газар цавчихад чинь
Эх орон хөндүүр тээсэн нүдээ нээж байна
Шинэ ертөнцийн харанхуй дундуур
Үүлэн хөшиг замхартал нутагтаа тэмцэж байна
Гол усаа үнэрлэхэд гомдол үнэртэнэ
Газрын өвс ногооноос гуниг амтагдана
Хүлэг үүрсэх сэтгэлийн минь буйд аглагт
Хөндүүр сэтгэлийн эх орон оршдог юм
Цахлай шувуудын даль жигүүр цуцаж
Цусан туурайтай хүлэг морьд минь
Цаанаа гунигтай тэнгэр зүсэн одоход
Төрийн толгой дээрх төмөр хүмүүс
Төрсөн нутгаа худалдан инээд алдаж байна аа
Хүлэг морин хатирч ирэх нутаггүй
Хөндий цээж эх орон үлдэх нь ээ
Гашуун цагийн гэрч болсон биднийг
Газар, шороо, хүлэг орон өршөө
Мөнх тэнгэрийн доор дураар үүрсэх нутаггүй болгосон
Монгол төрийн ноёдыг ган туурайгаараа гишгээд өнгөрөө
No comments:
Post a Comment