2009-12-25




ЧАМТАЙ УУЛЗААД...



Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй
Чанга тэврээд уйлахаас өөрийг хийхгүй
Ийм удаан намайг орхисон,
Тийм удаан надгүйгээр амьдарсан,
Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй.
Үг тэнд үнэ цэнээ алдаж
Үнсэхээс өөрийг уруул минь хийхгүй
Услалгүй удсан цэцэг шиг
Урууланд чинь би яг л ус шиг хүрнэ
Цаас арчсаар нимгэрсэн мэдрэмтгий хуруугаараа
Цаг хугацаа чиний мартуулах дөхсөн
Хүзүүнд, үсэнд, арьсанд
Хүрэхийн төдий халуу дүүгээд л
Улам ч сайхан санагдах тэр л биеийг
Удаан гэгч нь тэврэх болно.
Өөр юу ч хийхгүй.
Алган дээр минь
Аваад явчихсан хайрын чинь
Мөр нь байна...
Амлаж байсан жаргалын чинь
Хэлтэрхий нь байна...
Шивнэж хэлсэн үгийн чинь
Сүнс нь байна...
Ширгэж дундарсан нуурын
Дусаал байна...
Тэнд би ганцаар торойх нь
Тэргэл саран шөнөдөө гоёдох шиг
Содон байна...
Тэгээд алгаа хумьтал
Өнгөт амьдрал цохилж байна
Алсад...
Өөр тийш даллаж байна
Алчуураар
Сонин байна...
Шохоорхоод өнгийвөл
Гуниг л лав тэнд алга аа...

Ц.Энхмаа



Үзгээ тэвэрчихээд
Үүрээр ганихарч суухдаа
Үсээ задгайлчихаад
Үдшээр нөмгөрч суухдаа
Чамд туничхаад
Сар шиг ганцаардаж суухдаа
Чанадын чанадруу
Сэтгэлээ нүүлгэж суухдаа
Хэн юм бэ би?

Ц.Энхмаа



Би чамд тийм л хайртай

Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацрыг чинь иллээ гэж зүүдлэж сэрээд зүүд байсанд
баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амладаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай

Ц.Бямбажаргал


Зүсийг нь мэдэхгүй

Зүсийг нь мэдэхгүй
Тэр бүсгүйн үгс
Зүрхэн дээгүүр
Хачин ойрхон шүргээд

Цээжний мананг
Өөдөсхөн далиараа сэмлэсээр
Цэцэг зуун ирээд
Бодолд унагачихаад буцдаг

Шинэхэн цэцгийн үнэр
Гэгээлэг алсад даллаад
Энэхэн эгшиний догдлолоор
Би гэгээн болоод

Хүний сайхан бүхнийг
Чиний нэрэнд цуглуулж
Хүйтэн шөнийн уртад
Халуу шатан суудаг аа

Сарны толио тэмтрэх шиг
Чиний тухай бодоход
Сураг алдарсан мөрөөдөл
Хаалга тогшилгүй айлчилна

Нар өөрөөсөө шатдаг шиг
Намайг өөрөөрөө жаргахад
Нүгэл буяны хорвоо
Нүүдэлгүй болж сандчина

Л.Санждорж

2009-12-23




Чи минь ...

Чи минь үггүйхэн харцанд
ургасан цэцэг минь
Чимээгүйхэн салхин бодолд
минь гунхаж үгүйлэгдэнэ
Цэнхэр уулсын дундуур солонго
болон сэтгэл дунд минь татлаа
Цээжин дундаас шүлэг төрүүлж
самсаа шархируулан намайг догдлууллаа
Зүрхэн дундаас минь үргэж
нисэлгүй сэтгэлд минь үдэлж


Зүггүйхэн алаг нүдээрээ гуниг
сарниаж мишээгээрэй дээ
Зэрэглээт алсын ууланд хүслээн шивнэж үлдээгээд
Зээрийн зүсээр цахилж уянга даллан ирээрэй дээ

* * *

Харсан эрвээхэй бүхэн аргадаж нисэх
Хангайн анхилам цэцгийн дэлбээ минь
Хавар хавартаа дэлгэрэх зүрхэн хайрын яргуй
Харц даллан гэгэлзүүлэх миний ганцхан нүдэн минь

* * *

Энэ олон өдөр хорвоо эргэх зуур
Эгэлгүй сайхан чамдаа хайлан дасав
Эрхлэхийн дайтай амьдрая гэж бодолдоо чамайгаа хадгалаад
Эгшигт талын салхинд гандаж л хүлээлээ
Зөндөө л олон өдөр хорвоо эргэх зуур
Зөвхөн ганцхан чамайгаа хайлан хүлээлээ
Зүрхэн дунд минь үүрээ зассан чамайгаа
Зөнгөөрөө л дуулан суухаас аргагүй
Аниргүйн дунд бодол элээж шүлэг бичлээ
Алаг нүдэнд чинь сөгдөж амилан хайрлалаа
Алдхан зүүдэнд алдуурч адуу шиг хулжлаа
Анисган доороос халуухан нулимс болон уналаа

* * *

Үнсэхийн тоогоор би үнэний хорвоог ухаарч
Үйлгүй сайхан нүдэнг хармагцаа хайрладаг
Ухаангүй тэнгэрлэг хайранд шатаж дандаа жаргахдаа
Учир ерөөл аргадаж чамдаа л би тэмүүлдэг

* * *

Хайртай шүү гэж хажууд чинь зүүгдэж учирлалаа
Харцанд нь уярч догдлон зүрхэндээ чамайгаа аргамжлаа
Харамлаж түмэн үйлээс нууж сэтгэлдээ хадгалан үлдээлээ
Хайрлаж түүчээ тогоруу болон чам луугаа би нислээ
Хайр луугаа харц луугаа би нислээ
* * *
Ч.Мөнхбаяр


Шинэ жил ирлээ.

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.


Шинэ жилийн мэндчилгээний үгс .... Шинэ жилийн мэнд хүргэе !!!

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2010 он түглээ

Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ

Сайхан баярлаарай.



Э.Үржинханд : Өглөө бударсан шүлгэн цас

Найраг шүлгийг эрхэмлэн дээдлэгч та бүхэндээ
Намуун өглөөний уяхан салхиар эмжиж
Шижир цасаар нэхэж урласан шүлгээрээ
Шинэ оны мэндчилгээ өргөн дэвшүүлье.


Хаашаа ч харсан цавцайсан цагаан тал
Харанхуй хийгээд зовлон үгүй ариухан орчил
Хан тэнгэрийн одод газраар нэг цацраад л
Хачин ихэмсэг агаад ер бусын амгалан энэ ээ


Одод цасан ширхэгс болж эрх танхил бүжээд
Орчлонгийн сайхан өглөө зөөлөн салхиар угтах
Оюу номин тэнгэр үүлэн хээгээр чимээд
Одоо л би цорын ганц тэнгэрийн гүнж болсон мэт

Хаашаа ч харсан нэвсийсэн цагаан орчлонд
Хагацал учралын аялгуу ухаарал бэлэглэх
Хацар жиндээдэг тэсгим жавар нь хүртэл
Хайлган энхрий санагдах шидэт цасхан энэ ээ

Зүрх сэтгэл догдлоод хязгааргүйд тэмүүлэх шувуухай мэт
Зөн мөрөөдлийн гүүрээр дуу аялан намуухан алхахад
Зөрөн одох хэн бүхэн инээмсэглэлээ бэлэглээд л
Зүйрлэшгүй баялаг ертөнцөд сэтгэлийн угаас талархая

Хаашаа ч харсан миний нутгийн нүд алдам тал
Харгуй замаар цуцашгүй хөтлөх гэрэлт ирээдүйн зүг
Хажууд суугаа гэгээн бодолт найз минь хүртэл
Хамгийн тодоор гэрэлтэх үүрдийн дурсамж урлаад л

Ямар ч зовлон хийгээд уйтгар үгүй тунгалаг харцаар
Яг л энэ цагаахан цасны хэлтэрхий болж эрхлээд л
Яруу үгсийн торгон намираа үелзэн долгилж байхад
Яахин би гуниглаж чадах билээ гэгээхэн орчлон минь ээ


Нэгэн хавар


Цонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодoход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Зөвхөн чиний уруул гэрэлтэж
Зөөлхөн харцаар чинь
Энэ шилэн цонх
Намайг ширтсээр уджээ...
Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
Хэзээ нэгтээд суулгасан
Цонхны минь цэцэг
Хээнцэр яагаан дэлбээгээ
Хэдийн дэлгээд сэрвийжээ...

2009-12-15





Хайрласан сэтгэл минь хөрөхгүй ээ миний
Хонгорхон хайрт чамайгаа гомдоохгүй ээ би
Сансан сэтгэлээ тэвчиж чадахгүй гуниглан сууна
Сартай шөнө бодон мөрөөдөж жарган байна
Жоохон чамайгаа загнах юмсан хамт байсангүй гэж
Жаал яриж нэг нэгэндээ эрхлэх юмсан
Чамдаа хайртай гэж сонсохыг хүснэ
Чанга тэврэн чамайгаа үнсэхийг хүснэ
Удахгүй хамт байх болноо хайрт чамтайгаа
Ухаангүй ихээр дурласан байна чамдаа

2009-12-12



Ч.Бат-Отгон

Зүрхэнд минь чи байдаг болохоор
Зүүдэнд минь чи ирдэг болохоор
Чи минь надад итгэдэг болохоор
Чамдаа би хайраа өгсийн
Хүслээ чи минь наддаа л шивнэж
Хайраа чи минь наддаа л зориулж
Хүрэх газраа үл мэдэх амьдралын дунд
Хязгааргүй мөрөөдлөөр хамтдаа жигүүрлэж
Хан хорвоог хамтдаа туулъя

2009-12-10




Би жаргалтай байсан

Чинийхээ гарыг атгаад алхаж байхдаа би жаргалтай байсан
Чимээгүйхэн чамайг зүүдэлж сэрэхдээ би жаргалтай байсан
Ганцхан удаа ч гэсэн хайраа гэж хэлэхэд чинь би жаргалтай байсан
Гэнэн ч гэсэн чамайг хайрласандаа би жаргалтай байсан

Хэнээс ч нуугаагүй ээ чамд хайртай гэдгээ
Хэлэхийг хүсэж байсан энэ үгсээ чамдаа би
Эргэлзэж байгаагүй ээ чамд би хайртай гэдэгтээ
Итгэж байсан энэ бүгд үүрд байна гэдэгт би итгэж байсан

Гомдоогүй ээ энэ амьдрал бас чамд би гомдоогүй
Ганцаардаж бас гуниглаж байна, би одоог хүртэл
Гэхдээ би чамдаа аз жаргалыг л хүсье
Гэрэлтэж бас гэгээлэг байг чиний минь амьдрал


Б.Сарантуяа : ИЖИЙ ДИВААЖИН

Хайр хайранд уусах торгон агшинд
Хань хэвлийгээ илэх мяндсан эрхэнд
Жаргалын алтан торлог хэвлийд амирлаж
Жаалхан ижийдээ үржиж уяслаа

Үлгэрийн тэр ертөнцөд өдөр шөнө байдаггүй
Үйлийн үр зовлон гэж байдаггүй
Ариун ариуны билэгдэл тэр ертөнцөд
Аниргүйн элч, үр соёолно

Холбоо хоёр амь хорвоог уярааж урагшлана
Хонгор хонгор ижий
Хоног сарыг хүлээнэ

Амьдын тэр диваажингаас салж ядан хургана
Алтан алтан хаалгаар гарахгүй л баймаар санагдана
Буян нүгэл байдаггүй мөнгөн тэр өлгийд
Бурхадтай арван сар тонгочиход

Уяхан хонгор ижийн алга нь зөөлөрч бүүвэйлнэ
Усан цэнхэр замбуулинд би загас болон наадна
Хөөмийн уяхан дуугаар аргадаж дуудсан эх орон
Хөх яргуй шиг ижий минь яараад байсаан

Хоёр ариун амь аргадаж дуудаад байхаар нь
Хонгор үр би диваажингаас хүрч ирсэн
Үхэх төрөхийн заагт үйл дуудаж
Үлэмж сайхан ижийдээ эрхэлж орилсоор ирсэн

Тамир нь тасарсан ижий танан сүүгээ амлаж
Танхил охин үр минь, диваажин минь гэж шивнэсэн
Мэлмий тунгалаг миний диваажин
Мэндлэхэд хаалгаа хумьсан

Буурал хорвоогийн зарлигт захирагддаггүй
Бурхад харин тэнд үлдсэн
Элбэрлийн бүүвэй тасрахгүй аялах
Энэрэл хайр зогсохгүй ундрах

Элэнц хуланцаас бүтээсэн гайхамшигт диваажингаас
Эцэс төгсгөлгүй бид урсаж ирнэ
Орчлонгийн хүн бүхэн хэвлээсээ өндийдөг
Оройн дээд Ижийд диваажин байдаг



Тайтгарахсан ...

Ханхар өргөн цээжинд чинь тэврүүлж
Хайрт түүнийгээ мартахсан
Халуу дүүгсэн амьсгалд чинь дулаацаж
Хүнийрхэж гомдсон сэтгэлээ тайтгаруулахсан

Намуухан гүндүүгүй ярианд чинь уясаж
Над руу хор мэт асгасан үгсийг мартахсан
Надад өгсөн эрхэм сэтгэлийг тань хүндэлж
Надаас явсан тэр нэгнээр солихсон

Ботгоо голсон ингэ шиг сэтгэл минь уйлаастай
Бодол юуг минь ивэлгэх гэж чи дэргэд дуулаастай
Бусдынх болсон сэтгэлийг минь аргадаж
Бодлын чанадад чи намайг аргадаастай


Амраг сэтгэлээ чамаар аргадуулж тайтгарахсан
Аянч холын шувууд дагаад чамтай намт нисэхсэн
Амраг минь болоогүй залуугаас хайраа буцааж аваад
Амраг минь болье гэх чамд би бэлэглэхсэн

Өөр бусдад хайраа өгсөн гэлгүй дэргэд минь байгаач
Өр зүрхээ эмтэлж яваа юм гээд аргадаж хайрлаач
Өнчин хоцорсон хөөрхий зүрхийг минь бодооч
Өдөр хоногийн уртад чамд би дасах байлгүй дээ



Б.Сарантуяа : НУУЦХАН


Сэтгэлийн талд гуниг зэрэглээтэнэ
Сэмхнээр тэнд дүр чинь тодорно
Нэр нь хүртэл энхрийхэн чинийхээ тухай
Нэгээхэн дурсамжийг санамааргүй байна

Нүдийг нь бүр дурсахгүй
Нүгэл сөрж чамд би дурласан
Үгүй асгарах нулимснаасаа чамайг эрж
Үйл дуудсан инээмсэглэлийг хайрандаа би шингээсэн


Нутаг нугынхаа цэцэгст чиний тухай шивнэхгүй
Нууцалж чадаж л гэмээн санах эрхгүй хайр
Өөрөөсөө ч би чиний тухай бүхнийг харамлана
Өнчрөхгүй ээ, би чамайгаа сайн нуусан

Дусал дуслаар нэмэн нэмэх хайраа би хумьж
Дундрашгүй он жилүүдийн завсарт чамайгаа нуусан
Тэмүүлж чам руу ирж яваа тэр бүсгүйн харцанд нуусан
Тэвэрч үнсэх уруулд нь нуусан

2009-12-07



Би дургүй

Хэн нэгэн намайг өрөвдөхөд би дургүй
Хэлсэн үгийг минь ойшоохгүй байхад би дургүй
Хүсээгүй бүхнийг минь надад сануулахад би дургүй
Хүн хүнээс илүүтэй хуурч мэхлүүлэхэд би дургүй

Зүрх сэтгэлийг минь хэлэхгүйгээр булаахад би дургүй
Зүүд нойронд минь зөвшөөрөлгүй айлчлахад би дургүй
Зөвлөж хэлэлгүйгээр миний өмнөөс шийдвэр гаргахад би дургүй
Зөв бурууг ч ялгалгүй надруу чичиж ярихад би дургүй

Бүрэнхий шөнөөр ганцаар алхах би дургүй
Битүүхэндээ хэн нэгнийг хүлээх бүүр ч дургүй

2009-12-02



Зүүдний дагина гэж байдаг бол
Зөвхөн чи миний зүүдний дагина
Зүрхний эзэн гэж байдаг бол
Зөвхөн чи миний зүрхний эзэн

***

Хайртай гэж чи надаа хэлэхдээ итгэл төгс байж билээ
Харин одоо чиний тэр үг чинь
Хатсан намрын навч шиг
Хаа сайгүй унан хөглөрч
Салхины аясаар хийсэж
Сэтгэлийг минь зүсэж
Итгэлийг минь алдсан чи
Эндээс одоо явдаа
Одоо чиний хэрэг гэж үгүй
Орчлонд чамгүй болхол байлгүй...

***

Гэгээн нандин бүхэн
Хан хорвоог чимдэг
Гэнэн цайлган зан чинь
Хайрт чамайг минь чимдэг

Ч.Бат-Отгон



Уучил тээд өөрийнхөөрөө жаргалыг бүтээгээрэй
Уучил тээд урьдах амьралаа мартаарай

Хөөрхөн нүднээс чинь нулимс урсгачихлаа уучил намайг
Халуун сэтгэл дээр чинь ус асгачихлаа уучил намайг
Хайртай гэж хэлчээд хуураад явсан нь чи биш би
Хагацахгүй гэж хэлчээд холдох зүйл хийсэн нь чи биш би

Зөөлөн гарыг чинь атгаад тавихгүй гэчээд тависанд уучил намайг
Зөвхөн чамайг хайрлана гэчээд өөр хүнийг хайрласанд уучил намайг
Зүрх сэтгэлээсээ чамдаа хайртай хүн чинь би биш гэж үү
Зүүдэнд чинь чамайг дулаацуулдаг хүн чинь би биш гэж үү

Хөөрхөн царайнд хууртан би чамайгаа гомдоожээ
Хүрэх зүйлээ мэдэхгүй манасууран цэнгэжээ
Хуурмаг зүйлд хууртан чамайгаа гомдоожээ
Хайртай би учирчаад хамаагүй зүйл хийж байжээ

Уучил гэж би чамд хэлэх нүүр даанч одоо алга
Утгагүй энэ амьдралын тэнэг шалгалтанд нь би бүдэрч
Урагшаа явж байсан амьдралаа
Уг үндэсээр би өөрөө
Улаан гараараа үгүй хийцэн юм чинь
Уйтгарлаад ганцаараа амьдархаас...

Уучлаарай чи намайг итгэлийг чинь дааж чадаагүйд
Улаахан зүрхэнд чинь шаналал үлдээсэнд
УУЧЛААРАЙ...

Ч.Бат-Отгон

2009-11-30



Хайр гэж нэг иймэрхүү

Хэнийг ч биш зөвхөн чамайг л бодож
Хэнийг ч биш зөвхөн чамайг л зүүдэлж
Хэнийг ч биш зөвхөн чамайг л хайрлаж

Хэнээр ч биш зөвхөн чамаар л хайрлуулж
Хэнээр ч биш зөвхөн чамаар л тэврүүлж
Хэнээр ч биш зөвхөн чамаар л үнсүүлж

Хэнд ч биш зөвхөн чамд л итгэж
Хэнд ч биш зөвхөн чамд л зориулж
Хэнд ч биш зөвхөн чамд л эрхэлж

Хэзээ ч гуниггүй
Хэзээ ч шаналалгүй
Хэзээ ч хардалтгүй

Үүрд хоёулаа хамт байж
Үнэн ч сэтгэлээ нэгэндээ зориулж
Үүрдийн жаргалыг бүтээж

Хайрын дээдийг чамдаа л зориулъя
Хайрын хүчийг чамдаа л мэдрүүлье

Миний хайр ийм хүчтэй
Миний хайр ийм үнэнч
Миний хайр ийм Аугаа...

ЧАМДАА ХАЙРТАЙ
Ч.Бат-Отгон


Хүсэл
Өглөө ургасан наран шингэж
Үдшийн харанхуй газар авлаа
Өдөржин ажилсан бие ядарч
Үүрэглэн үүрэглэсээр орондоо орлоо
Өнөөдөр болсон зүйлээ бодсоор
Өдөн хөнжилдөө ороогдо хэвтэнэ
Өөр хэнийг биш зөвхөн чамайг бодсоор
Өр зүрхээ ганцаардуулан хононо
Зүрхээ ганцаардуулсан миний сэтгэл
Зөвхөн чамайгаа зүүдлэхийг хүснэ
Зүрхэндээ сайн бодож хоноод
Зүүдэндээ чамтайгаа уулзахыг хүснэ


Зөвхөн чамайгаа үнсэхийг хүснэ
Энэ бүгдийг чин сэтгэлээсээ хүснэ...
Ч.Бат-Отгон

холын хол хаа нэгтээ...

2009-11-29


Уйтгар

Санаа алдан уйтгарлан суухдаа би
Саруул шөнийн нам гүмээр хань хийдэг
Сэтгэлийн дотор эргэлдэх түм буман зүйлс
Сэмжин үүл мэт хөврөн үл дуусна
Толгойн дотор тойрон эргэлдэх мянган зүйлс
Тоог үл мэдэх одод мэт бужигналдана

Ганцаараа би уйтгарлан суухдаа
Ганцхан чамайгаа л бодон санаашран байдаг
Булбарай царайг чинь сэтгэлдээ төсөөлж
Бодлын гүнд автан байдаг
Хажууд байхгүй чинийхээ биеийг
Холын газраас хайрлан байдаг

Чамайгаа санан санаа алдахдаа би
Чангаас чанга хашгармаар болдог
Чинийхээ хөөрхөн инээмсэглэлийг бодож
Чин зүрхэндээ тайтгарал авдаг
Зөөлөн гарыг чинь атган суумаар байвч
Зөвхөн төсөөлөхөөс өөр зүйл хийж үл чадна


Хөөрхөн чинийхээ хайрын элчийг
Хажууд чинь байж мэдрэх юмсан
Санаа алдан уйтгарлан суухдаа би
Саруул шөнийн нам гүмээр хань хийдэг.
Ч.Бат-Отгон


Алсын чамдаа

Хүлээлгэлээ гэж би чамд гомдохгүй
Хүлээхийн жаргалыг сэтгэлээрээ амссан
Удлаа гэж би чамд тунихгүй
Угаас надад хайртайг чинь мэднэ
Амьдрал хэмээх далайгаас хайр гэдэг тороор чамайг би шүүрсэн
Ахин буцааж тавихгүйгээр шийдсэн

Буг бурханаас илүүтэйгээр өөрт чинь би итгэдэг
Бусдын нүднээс харамлаж хайрладаг
Хайртай гэж шивнэх тоолонд чинь
Халуун зүрх минь булгилан догдолж
Эргэлдэн эргэлдэн бүжмээр санагдана

Дөрвөн мөртүүд

Өнчин зүрх минь гансран байхдаа
Өөрийг чинь үгүйлдгээ чамдаа хэлий
Борхон зүрх минь шаналан байхдаа
Бодолд минь чи байдгийг хэлий

* * *

Зовлонд чи бүү цөхөр
Зорисон бүхндээ хүрж яв
Зогсолтгүй эргэх амьдралын дунд
Зорилгоосоо ухрах тэнэг хэрэг

* * *

Ариухан сэтгэлийн нандин үгээ
Алдрайхан чамдаа зориулан бичнэ
Асгарах нулимсаа цээжиндээ тэвчээд
Алаг зүрхэнд чинь хайраа мэдрүүлнэ
Хатаж гандсан зүрхээ нулимсаар норгоод
Хайрын дээдийг чамдаа зориулъя
Хатуу сэтгэлийг зөөллөх увидастай
Хайрын элчийг чамдаа бэлэгье
Би чамд хайртай...

* * *

Уйлмаар, нулимс дусаамаар
Утга учиргүй чаралмаар
Зүрхээ дарж чамайг бодмоор
Зүүднээсээ сэрэлгүй үүрд баймаар...

* * *

Бороо шиг асгарах цаг хугацаа
Бодлоос чимхэлж намайг гунихаруулахад...

* * *

Мэдээж би
Тэгээд чи
Бид хоёр
Аз жаргалыг бүтээнэ.

* * *

Зүрх минь эзэнтэй
Зүүд минь эзэнтэй
Итгэл минь эзэнтэй
Ирээдүй минь гэрэлтэй

Ч.Бат-Отгон

Хайрласан хайрын минь хэмжээг бүү асуу
Дэлхийгээс их
Хагацсан цаг минутын минь нулимсыг бүү хэмж
Далайгаас их

Буруугүй сэтгэл

Болзоонд яаруулсан сэтгэл буруугүй
Бороонд норсон зам буруугүй
Бодолд өнжсөн нүдэн буруугүй
Борхон зүрхний минь хайр буруугүй

Чамдаа яарсан сэтгэл буруугүй
Чанд холын мөрөөдөл буруугүй
Чиний минь сайхан нүд буруугүй
Чандмань ганцхан зүрх буруугүй

Жаргалд тэмүүлсэн сэтгэл буруугүй
Жаран холын мөрөөдөл буруугүй
Жаахан чиний минь нүд буруугүй
Жаргаах ганцхан зүрх буруугүй

Харцанд тэмүүлсэн сэтгэл буруугүй
Харваж одсон одод буруугүй
Хайранд өнжсөн нүдэн буруугүй
Харамлаж догдлох зүрх буруугүй

Уулзахад яарсан сэтгэл буруугүй
Уйлж зүсэрсэн тэнгэр буруугүй
Учирлаж харсан нүдэн буруугүй
Уярч догдолсон зүрх буруугүй

Хүслээн шингээх сэтгэл буруугүй
Хүршгүй холын м өр өөд өл буруугүй
Хүний сайхан н үдэн буруугүй
Хүрэн зүрхний хайлан буруугүй

2009-11-28


Би айж байна

Олон амьтны амь нөмөрсөн элдэв маяглалаас айж байна
Олон залуусын сэтгэлийг гижигдсэн ялдам айлаас айж байна
Олдсон ч амархан оддог андын нөхөрлөл хуурамч байхаас айж байна
Оосор бүчгүй өргөө гэр маань сэмрэн нимгэрэхээс айж байна

Хүлээсэн хайр хагацал болох вий гэхээс айж байна
Хүнлэг сэтгэл хатуужин шавар болохоос айж байна
Хүндэтээ байранд шуналтан шургалсанд айж байна
Хууль цааз хуурамч авлигийг төрүүлж байгаад айж байна

Хорт утаа хэвлий дэх үрсийг нь боомилж байгаад айж байна
Халуун сэтгэл хаашаа ч юм холдон одож ирэхгүй байхаас айж байна
Хүйтэн салхи хацар хайрахаас айхгүй байна
Хазгай хэлтнээр хайрт эх орон минь дүүрч байгаагаас айж байна

Гадаах харанхүй хүйтнээс айсангүй ээ би
Гал голомт минь тулгагүй болох вий гэхээс айж байна
Гэмгүй үрсийн агаарыг булаах соёл иргэншлээс айж байна
Гэгээн төрийн багана ганхан савалж байгаагаас айж байна

Бутанд хярсан туулай шиг монголын ирээдүй
Булт олноороо дайрах харь сэтгэлтэнээр дүүрлээ гэж үү
Буян нь арай ч барагдчихаагүйсэн дээ ээ халаг гэж
Бодол болон айсаар, чичирсээр л хэн ч биш байх юм гэж үү

Эх орон минь биднээс нэг л өдөр нүүр бууруулбал
Эх дэлхий минь биднээс нэг л өдөр алга бууруулбал
Бүхнийг хийх нь оройтсон байх тэр цаг хуацааг
Бид хэзээ ч харахыг үл хүснэм

Юу ч хийж чадахгүй байгаа арчаагүй цаг хугацаанаасаа ичиж байна
Юм юм хийх чадалтай эх орон нэгтнүүдээ уриалж байна
Айсаар л чичирсээр л байсаар
Алив бүхнээ түүх болгох юм гэж үү бид

Би айж байна

2009-11-22




Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Намрын нар шиг илчээрээ төөнөдөг
Навчин уруулаараа эвлүүлж хайр бэлэглэдэг
Намайг зүрхэндээ хадгалж хүлээдэг

Огт аниргүйн дунд ганцхан цэцэгс мэт
Огторгуйд дүүлэгч нар саран мэт
Өөр хэнийг ч хайрлаагүй хайраар
Өөрийг минь хайрлаж бас инээж угтдаг

Хүний гэгээн орчлонд бүсгүй хүн намайг хайрладаг
Хүслээн шившиж нар шиг төөнөдөг
Ариухан гэгээн хайраа бэлэглэж
Аз жаргал өгөөч гэх шиг бүртийж л үддэг

Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Нандин,дэндүү их хайраар шагнадаг
Нанчид шиг харцаараа согтоож хайрладаг
Найргийн онгод огшоож шүлэг бэлэглэдэг

Билгийн хур амилааж шүлэг чамдаан зориулж
Ботгон дүрээр мөнхөрч хайр даллан ирж
Бидэрт зүрхэнд үүрээ зассан шувууг
Би бас хайрлахгүй байж чадаагүй

Тэр намайг би түүнийгээ хайрласан
Тэр гэгээн бас эмзэгхэн хайр минь ээ
Наснаасаа эрт буурал суусан үсэнд минь
чи шингэж хайрласан
Нар эргэсэн духны олон хээнд минь
чи нуугдаж хайрласан


Өнгөрсөн олон өдрүүдийн цаанаас
чи шивнэж хайрласан
Өөр буруу тавилангийн өмнөөс
чи сөрж тэмцэж хайрласан
Дэргэд минь ургах уулс бай гэж
чи шившиж л хайрласан

Дэнжийн түмэн цэцгэнд хурын ус шиг
мэлмэрч хайрласан
Дөлгөөн буурал мөрөн голын урсгал шиг
долгиолж хайрласан
Дэмий ирээгүй нартад зүүгдэж зүрхэнд
уярч л хайрласан

2009-11-21

Би илэгдэж байна


" Би илэгдэж байна "
Нүдний хажуугаар урсан өнгөрөх цаг хугацаа
Намайг бага багаар илээж байна
Намрын салхинд навчис унах шиг
Намайг энэ цаг хугацаа нүцгэлж байна
Их бага ямар ч хугацаа өнгөрсөн
Энэ зүйл үл өөрчлөгдөнө
Эргэх хорвоогийн жам ёсоор урсахаараа л урсана
Ирээдүй болон өнгөрсний холбосон одоо
Эхлэл болон төгсгөлийг холбосон цаг хугацаа
Илээх зүйл байвал бүгдийг илээж дуусгана
Нүдний хажуугаар урсан өнгөрөх цаг хугацаа
Намайг бага багаар илээж байна
Ургал гол эрэгээ үргэлж идэж байдаг шиг
Урсах цаг хугацаа намайг идэж байна
Урьдах амьдарлаа мэддэг бол яаж илэгдэж дууссанаа мэдмээр
Урьдчилан харж мэддэг бол яаж илэгдэж дуусахаа мэдмээр
Хүний ертөнцийн жам юмдаа энэ илэгдэл
Хүж дэлхий хүртэл илэгдэж байхад
Хөөрхийлөлтэй энэ бие минь илэгдэх нь аргагүй
Хэр удаан илэглэхээ мэдэхгүйгээс хойш
Илэгджил байя дуусах байлгүй
Илээжил байя тавилан юм чинь
Нүдний хажуугаар урсан өнгөрөх цаг хугацаа
Намайг бага багаар илээж байна
Би илэгдэж байна.....



Нүцгэн үлдсэн бие минь газарт булагдаж дуусах нь үнэн
Нүлгэлгүй илэгдэж дууссан бол диваажинд заларх нь үнэн
Би илэгдэж дуусах нь үнэн...

холын хол хаа нэгтээ...
ГУНИГ
Үе үехэн санаа алдуулж
Өвөр ард минь ээрэх гунигийг
Өөр хаана ч биш
Дэрэн доороо чулуудчихаад
Үсээ задгайлж өөрийгөө гоёод
Үй олны дунд замхрая
Өнгө нь болж хаа нэгтээ уусая
Гарья гадаа
Ганц хором нь ч үнэтэй амьдралд
Гансарч суухын учир юусан
Гар халуун залуу насыг
Ганцаардуулж хөлхүүлхийн учир ч юусан
Гуниж өнгөрүүлсэн мөч бүр
Гудманд хаясэн эрдэнийн адил аа
Гундааж болохгүй залуу нас минь
Гуйгаад ч мөнхрөхгүй ертөнцийн хүрдээ
Амжиж хайрлая наран жаргахаас өмнө
Амжиж дурлая зүрх минь зогсхоос өмнө
Амжиж бүжье хөгжим өндөрлөхөөс өмнө
Амжиж амтлая амьдрал алдархаас өмнө
Гарья гадаа
Ганц л хүртэх амьдралыг
Жаргалаар цэнэглэе

2009-11-20


*** МИНИЙ ЭХ ОРОН***


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон

Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг

Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг

Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг

Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон

Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон

Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг

Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ

Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.
ЕРТӨНЦӨӨС УЙДАХЫН
Хамаг юмс сэтгэлийн чинь галбирыг эвдэж
Хамгийн үнэн гэсэн юм хувиран одно
Зөөлөн орчлонгийн аялгууг мэдрэх гэсэн
Зөн билэг,оюун сэтгэл цөм сарнин одно
Тодорхой сарны гэрэлд залуу охинтой янаглаж
Толгодын ногоон униарт сүмийн зүг алхана
Байсан юм байхгүй болсон тухай ерийн л үнэнийг хэлэлцэж
Бадаг шүлэг бичин амарч,хундага дарсыг шимнэ
Нуугдмал гоо сайхан,амтат уруулын шүлгээсээ би уйдаж
Нуруугаа авахуулсан морь шиг ертөнцийн төлөө зовниж
Чиний өнгөрүүлсэн он жилүүдийг дэн мэт асааж
Чичирхийлэх ертөнцийн анирыг зүрхэндээ сонсох болжээ
Лаа барьсан бүсгүй санаа алдан зөрөх шиг
Лавтайяа хээнцэр мэдрэмжээ үе үехэн алдана
Чиний захидлын мөрүүд зүүдэн дунд ч үзэгдэж
Чийгт өвсөн дээгүүр хөл нүцгэн алхлана
Үзэгдэхгүй өнгөрсөн сансрын хөлөг шиг нууцлаг
Үүлэн сүүдэр хүүшлэх намар цагийг л хүснэ
Хүсэл бодлоос минь гадуур бүх юм болж өнгөрсөөр
Хүүхний үнсэлт шиг зөөлөн хавар цагийг өнгөрүүлжээ
Өөрийнхөө нэрийг цээжлэн хотын гудамжаар алхаж
Өнгөрсөн цагаас зорин ирэх шинэ зовлонгоо угтана
Өнгө төгөлдөр нар шиг мэлтэшийн гэгээрэхээ хүлээж
Өдөр бүрийн зовлонгоо баяр баясгалантай эдэлнэ
Худал үгийг тэсэхгүй
Хуурамч чамайг би хайрлахгүй...
"""Зүүдний ертөнц"""
Зүүдний ертөнц манант гэгээ татуулан буухдаа
Зүрхний гүн дэх хөрсөнд хайрын үр цацахад
Харанхуй шөнийн аниргүйг шимэн үндэслэж
Хараад ханамгүй өнгийн цэцэгс дэлгэрнэ
Цэцэгсийн дэлбээнд мөнхийн ус шүүдэртэхэд
Цаг хугацаа цочихдоо хэмнэл алдан зогсоно
Цалгих сэтгэлийн гүн дэх чанад алсын мэдрэмж
Ертөнцийн гүнд дэх цэцэрлэгт гэрэл болон амирлана
Тэр цэцэгсийн өнгөнд энэ ертөнц бүдгэрхэд
Тэргэл саран дурлахдаа нууцлаг мэлмийгээ нээнэ
Галбир уран эрвээхий гэрэл зуран эргэлдэхэд
Газрын нар уярахдаа урсах мэт хээтнэ
Өнгө амилуулсан цэцэгс гэгээ цацаруулан яруусахад
Өөрийн эрхгүй мэдэрхүй сөгдөж хэмжээлшгүйн гүнд уусна
Үгээр хэлэхийн аргагүй төгс амгаланд хорогдохдоо би
Өөрийгөө тэнд орхичихоод өглөөг энд хоосорч угтмаар
Ц.Галбадрах