
Н.Минжинсайхан : Дусал гуниг
Намар буцсан шувууд хаврыг авчирахаар явсан
Насаа тайлсан өвөө минь аавтайгаа уулзахаар одсон
Намайг орхисон бүсгүй ухаан суухаар явсан
Найргийн шат нэмэхээр надаас бүгд холдсон
Тоодон дээлээ орхиод хүүхэд нас минь явсан
Том оо сууж эр болноо хэмээн анд минь цэрэгт мордсон
Тоомгор алаг нүдэнгүүд айлын болоод явсан
Тоонот гэрийн минь дээгүүр шувууд ч нисэхээ больсон
Аяс аясхан би санаа алддаг болсон
Амргийн дуу аялаж хоосон мөрөөдөх болсон
Тэгэвч
Аягатай цайны шилбэ хааяа нэг өндийж
Алаг шаазгай үе үехэн шагширахад
Надаас явсан бүхэн ирэх юм шиг санагдаад
Нар сарыг тэнгэрт нь олон удаа би аргамжсан
Уулс давсан шувууд хаврыг надад авчирсан
Уртхаг шөнийн зүүдийг минь өвөө минь эргэдэг болсон
Тоглодог байсан чулууд гэнэн насыг минь санагдуулж
Том оо суусан анд минь хурим найраа товлосон ч
Холыг зорьсон чи минь ирээгүй л байна даа одоо.
No comments:
Post a Comment