2010-03-25

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар

Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар

Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар

Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар

Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар

Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

Л.Өлзийтөгс

No comments:

Post a Comment