2010-10-05

Мөртүүд

Бодолд хөврөх тэр нэгэн хөрвөөсийг

Болдог бол аваад хаячихмаар

Болохгүй болохоор нь хөвсөөр байгаад

Боож үхэх цаг нь ирэхнээ

***

Секунд доль долиор хумслагдсаар л


Минут секунд секундээр хорогдсоор л

Цаг минут минутаар хасагдсаар л

Хоног цаг цагаар урагшилсаар л

Сар хоног хоногоор урссаар л

Жил сар сараар үгүйрсээр л

Харин чамайг хүлээх сэтгэл минь

Хэдэн мянган жил ч хэвээр!!!

***



***Яруу найраг биш ээ***

Яруугаар найраглаж би чадахгүй ч
Ялдамхан чамайгаа үгүйлэхэд
Ядмагхан тасалдах хэлж үл зүрхлэм үгс минь
Янзагхан сарны бөгчимгүй туяанд
Янаглан намайг энхрийлэх шиг болж
Ядуухан хэдэн мөрт минь
Яруу найраг мэт эгээ л шивнэгдэнэ
***
Уран үгс надаас хэдий гарахгүй ч
Учралын одон ургахын нарантай золгоход
Урсгал усны чимээ долгиорон
Ундран булгилах сэтгэлийн хөдөлгүүртэй жигдэрч
Уянгалан шаржигнах чимээ сонсдож
Уудлагдах сэтгэлийн ноорог гэгдэх халтар шүлэг минь
Уртын замд хөтлөх мэт агаад эвцэлдэнэ
Уран зохиол мэт эндээ сонсогдоно
Дениска Михайлов : Тэнгэрлэг

Эмэгтэй хүнд би татагдахгүй ч
Танхил чамд л татагдаад...
Ээдрээтэй энэ бодол сэтгэхүй минь
Тал хээрээр л хэсүүчилэх байх
Өлсөж байвч, өвдөж байвч
Өөрийн энэ эргүүл санааг
Өрөвдөж суухаас цаашгүй юм
Өлөгчин чоныг хайрлаад
Өргөрөгөөсөө хэтэрсэн
Галзуурсан амьтан би байх гэвч
Адилхан л амьсгалтай амьдрал эрс ч...чамд
Атгахан ч муухай санаа байхгүй
Ариухнаас ариун бөгөөд тэнгэрлэг
Дениска Михайлов : Хайрын ертөнц зүрхэнд илхэн

Заяаны залуур сэтгэл
Зандан ногоон гацуур шиг мөнх
Тавиланд ч ялагдамгүй хайр
Танхил хэвэндээ Тахил...
Үүрдийн үүрд сэтгэлд оршино (ХАЙР АГУУ)
Үүнийг өөрөөсөө өөр хэнд ч зарламгүй...
***
Тэд хэлгүй ч гэсэн үргэлж яриа нь сонсогдоод байдаг юм
Тэнд наран жаргасан ч гэрэл гэгээ цацардаг
Хайрын ертөнц зүрхэнд илхэн...
Хайрын ертөнц зүрхэнд эгэлхэн...
***Ганцаардал***

Дахиад түүнийг харахгүй ч юм шиг,
Доглон байж үнсэхгй ч юм шиг,
Тэр намайг мартах ч юм шиг,
Тэнгэрт ахин нар мандахгүй ч юм шиг
Сэтгэл нэг л сонин гунигтай
Сэрүүн салхи зогсохгүй нь ...
Гадаа бороо ороогй атал,
нүүр дагаад бороотой
Гэхдээ энэ нулимс л байх,
Гунигтай хар бороо.
Модод исгэрэхдээ уйлах мэт навчаа хиисгэн
Миний хажууханд найгах савлуур дээр хамт сууна.
Салхитай хамт алхсаар гэрийнхээ гадаа ирлээ,
Тэр хаалгыг минь нээхэд хэн ч үгүй...
Дахиад түүнийг харахгүй ч юм шиг,
Доглон байж үнсэхгй ч юм шиг,
Тэр намайг мартах ч юм шиг,
Тэнгэрт ахин нар мандахгй ч юм шиг.
***Санаж байна уу***

Санаж байна уу

Навчис хөл доор гунигтайхан бүжиглэх тэр нэгэн оройг

Санаж байна уу

Намуухан хөгжим эгшиглэж байсан тэр нэгэн үдшийг

Санаж байна уу

Надтай хамт алхаж явсан тэр нэгэн харгуйг

Санаж байна уу

Насан туршдаа хамт байна гэсэн тэр хэдэн үгээ

2010-09-15

Үргэлж аз жаргалтай байдаггүй ч энэ амьдралд би дэндүү их хайртай
Үнэнч шүү гэж андгай тавивч цаанаа хуурмагхан амрагтаа би хайртай
Мөнхийн юм шиг санагдавч орхиод одох аав ээждээ би хайртай
Мөнгө дурлал 2-т живсэн энэ амьралд би дэндүү их хайртай

**************************
Хэлэх гээд чадаагүй гуравхан үгээ цээжиндээ булшлаад
Хэн ч байсан хамаагүй хайртай гэснийг нь дагая даа

* * * * * ** * * * * * * * * * * * *
Хайртай яваа сэтгэлээ чамаасаа нууж л явъя
Ханийн чинь заяанд сүслэн цагаахнаар атаархаж явъя
Зүүдэндээ чамтайгаа уулзан зүрхээ жаргааж явъя
Зөнгөөрөө чамайгаа мартахгүй болохоор зүрхэндээ гуниг тээж явъя."
Хэзээ татрах нь мэдэгдэхгүй энэ бороо
Хэдийд миний гунигийг хөндөхөө яаж мэдэв
Харцны минь салхинаас нойтон шувууд нисэлдэх нь
Эгээ л миний бяцхан хүүгийн инээх мэт
***Эх орон***


Нуруун дээр минь нар мандаж
Элгэн нутаг шаналахын зовлон тээж байна
Нууцхан эмзэглэл тархиар нэг хэсүүчилж
Энгэр дээр минь адуун сүрэг хуйларч байна
Эмзэглэл бүхнээрээ чөдөр зангидаж
Эх орноо би бүтэн үлдээх гэсэн юм
Уул усаа гэсээр газар цавчихад чинь
Эх орон хөндүүр тээсэн нүдээ нээж байна
Шинэ ертөнцийн харанхуй дундуур
Үүлэн хөшиг замхартал нутагтаа тэмцэж байна
Гол усаа үнэрлэхэд гомдол үнэртэнэ
Газрын өвс ногооноос гуниг амтагдана
Хүлэг үүрсэх сэтгэлийн минь буйд аглагт
Хөндүүр сэтгэлийн эх орон оршдог юм
Цахлай шувуудын даль жигүүр цуцаж
Цусан туурайтай хүлэг морьд минь
Цаанаа гунигтай тэнгэр зүсэн одоход
Төрийн толгой дээрх төмөр хүмүүс
Төрсөн нутгаа худалдан инээд алдаж байна аа
Хүлэг морин хатирч ирэх нутаггүй
Хөндий цээж эх орон үлдэх нь ээ
Гашуун цагийн гэрч болсон биднийг
Газар, шороо, хүлэг орон өршөө
Мөнх тэнгэрийн доор дураар үүрсэх нутаггүй болгосон
Монгол төрийн ноёдыг ган туурайгаараа гишгээд өнгөрөө
П.Дэлгэржаргал : Итгэ чи минь бас дахин итгэ

Чамайг боддогт итгэ
Чамайг хайрладагт итгэ
Чамайг харамладагт итгэ
Чамайг үгүйлдэгт итгэ

Итгэхэд бэрх хэдий ч
Итгэ чи минь бас дахин итгэ
Итгэхэд хүнд байсан ч
Итгэх ёстой шүү би чамдаа хайртай

Өглөө бүхэн наран манддаг шиг итгээрэй
Үдэш бүхэн одод чуулдаг шиг итгээрэй
Өнгөт орчлон хайраар дүүрэнд итгэ
Өөрийн чинь Бурхан ижий чинь гэдэгт итгээрэй

Зүгээр л чи өөртөө итгэ
Зүгээр л чи хувь заяандаа л итгэ
Зөндөө олон удаа амьдралд сөхөрсөн ч бай хамаагүй
Зөрөөд чамд орчлон бүхнээ өгөх л болно итгээрэй

Чамайг боддогт итгэ
Чамайг хайрладагт итгэ
Чамайг харамладагт итгэ
Чамайг үгүйлдэгт итгэ

Итгэхэд бэрх хэдий ч
Итгэ чи минь бас дахин итгэ
Итгэхэд хүнд байсан ч
Итгэх ёстой шүү би чамдаа хайртай
***Сүүлчийн***


Миний ганцаардсан цаг хугацаа
Магадгүй нар мандаагүй өдрүүд,сар гэрэлтээгүй үдшүүд...
Энд би ганцаар
Эргэцүүлэл намайг нөмөрсөөөр
Эргэж харах бүрт хэн ч үгүй өнгөрсөн амьдралд минь
Хайр үгүй ,магадгүй еэ ирээдүйд ч оршихгүй мэт ээ.
Борооотой шөнөөр л би уйлдаг юм шиг
Нартай өглөө л би инээдэг юм шиг
Нулимс бас инээмсэглэл яг энэ гээд заачих юмгүй шив дээ.
Аяа нүд цавчихтай л адил энэ ахархан амьдралдаа
Ардаа үлдээх түүхгүй юм даа...
***Амьд зүрх хоосон бие***


Сэтгэл эзгүй
Чиний тухай бодол эзгүй
Чамайг гэсэн хүсэл эзгүй
Зүрх эзгүй
Чинийх гэсэн гуниг эзгүй
Чиний төлөөх шанлал эзгүй
Ингээд бас хайр эзгүй
Хайрын зоволт зүрх эзгүй
Халуу шатсан үнсэлт эзгүй
Би эзгүй надад юу ч алга

Надад жаргал алга
Надаас ундардаг бясал алга

Надад зовлон алга
Намайг түгшээдэг хясал ч бас алга
Надад итгэл алга
Минийх гэх хүмүүс алга
Надад хайр алга
Намайг догдлуулдаг учрал бүүр ч алга
Надад чи л байна
Амьд зүрх хоосон бие.............


С.ЭНХЖИН

2010-08-31

Ж.Эрхэмцэцэг : Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь ...


Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь

Нууцхан хайрын шиврээг зүрхэндээ л асга ялдам минь

Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё

Буруу хараад л тэр ханийнхаа хуруунд гэрэлтэх хуримын бэлзэг нь юм шүү

Хуримын батлах дээр түүний нэр арилхааргүй сайхан бичигдчихсэн

Хананд өлгөөтэй зурганд бүдгэрэхээргүй инээмсэглэчихсэн

Хүүгийнхээ өмнө тэр ээжийнх нь хань өөрийнх нь эцэг

Хүүхэн чиний л урд нууцхан хайрын бүдэг шивнээ л байх болно

Минийх бол гэж түүнийг уяад хэрэггүй

Мэндийн зөрөөтэй л өнгөрөх танил нь бай

Гэргийдээ тэр хайрын дээд нь хүний эрхэм нь

Гэрт чинь тэр хүний хүн, бусдын хань

Элэг бүтэн гэр бүлийг эрхэмлэж нандигна бүсгүй минь

Эргээд чи ч бас хүний гэргий, үрийн эх болно

Энх тунх амьдрал ямар чухлыг чи тэр үед ойлгоод

Эр хонгор сэтгэлийг ямар их зовоосноо ухаарна

Хожимдож ухаараад шаналах хэрэг байна уу даа бүсгүй

Хорвоо уужим учир одоо ухаар, түүнийхээ ханьд жаргал өг

Хонгор үрсийг битгий уйлаал ялдам бүсгүй минь

Хойшдын амьдралд чи ч бас эх хүн болно, хүний гэргий болно

Нулимс дүүрэн нүдээр сэтгэлийг нь сүвлээд хэрэггүй ээ бүсгүй минь

Нууцхан хайрын шиврээг зүрхэндээ л асга ялдам минь

Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё

Буруу хараад л тэр ханийнхаа хуруунд гэрэлтэх хуримын бэлзэг нь юм шүү
Ж.Эрхэмцэцэг : Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр ...


"Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр

Салхи дэгдээн хаалга саван хаагдсан тэр нэг өдөр

Сэвтэж хоцроод шал дүүрэн асгарсан зүрхний минь жаргал

Санахгүй юм шиг эргэж харалгүй явсан өдөр чинь

Чимээгүй гуниг үүдний завсраар шагайн орох зөвшөөрөл нэхээд

Чиний явсан үдэш нулимсаараа би сархад нэрсэн

Чивэлт бодлууд зүрхэн тушаа нуугдаад

Чүдэнз зурахтай адил сэтгэлийг минь зураад шатаачихсан

Үдэш бүхэн тийм байсансан бол өглөө бүхэн нар мандахгүй байсан биз

Үлгэрийн юм шиг жаргалт мөчүүдийг бэлэглэчихээд

Үрийн минь зүүдэнд ордог үнэг шиг хуураад оддог бол

Үүрдийн ариун хайр гэж энэ хорвоод үгүйсэн биз

Чиний явсан өдөр чимээгүй гуниг зүрхэн дээр минь үүрээ засаад

Чин хайрын минь сэтгэлийг салхинд хийсгээд одчихсон юм"
Ц.Баттуяа : Сэтгэлийн шувуухай

Ододтой учрах хүслийнхээ тухай
Сэтгэлийн минь шувуухай надад
Орой бүр орчлонгоос нууцлан шивэгнэнэ
“Маргааш өглөө
Магад чи далавчаан дэлгээд
Сонирхлыг чинь огт татахгүй байгаа энэ амьдралаас
Тоймгүй хол одно” гэсэн үгээрээ түүнийг бүүвэйлээд
Сэрэмгүй амттай зүүдэнд нь би умбуулчихна
Огторгуйн сайхныг бишрээд
Орон гэрээ мартчих вий гэсэндээ
Хүслийнх нь үрээр ургасан өд бүрийг нь би
Хайрлалгүй тасдаж хаяасаар үүр цайлгана
Өглөө нь хөөрхий зүггүй шувуухай
Өдөө ч тоололгүй тэнгэр рүү цойлоод
Эргэж сэтгэлд дотор минь зөөлөн газардана

2010-08-26


***Амьдрал заримдаа***
Жаргах гээд зовдог хорвоод
Амьдрах гээд алддаг юмуу
Ухаарлын төлөөс нь алдаа юм бол
Уучлал гуйгаад ч яах юм билээ

Амьдрал заримдаа алдаа юм шиг
Алдаа заримдаа амьдрал юм шиг

Хайрлах гээд алддаг хорвоод
Хагацаж байж ойлгодог юм уу
Хайрын үнэ цэнэ нь харамсал юм бол
Хайрлаж дурлаад ч яах билээ

Хайр заримдаа диваажин шиг
Хяналтаас гарахаараа там юм шиг

Бусдын адил уйлмаар байв ч
Нулимс минь дуусчихсан
Бусдын адил мөрөөдмөөр байв ч
Итгэл минь хөрчихсөн

Амьдрал заримдаа алдаа юм шиг
Алдаа заримдаа амьдрал юм шиг

***Эрчүүд минь дээ ухаантай байл даа***


Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…
Нэг шөний жаргал байтугай
Нэг цагийн тэнэглэл
Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий Орчлон хорвоо гэдэг аваа өгөөтэй болохоор
Голж шилсэн хүүхнүүүд шиг чинь ирж буцахгүй л байх
Гоо үзэсгэлэн гэдэг нүд буруулахын аргагүй ч
Голын ус шиг баригдахгүй, хов хоосон үлдэх вий
Нэг л өнгөрөх насанд бүгдэд санаархаад яах вэ
Нэг л заяасан ханиа гомдоож цөхрөөж яах вэ
Энэ хорвоод эр хүн чи, ээжийгээ баярлуулж төрчихөөд
Эргэж буцаад явахдаа ханиа гомдоож юу хийнэ..?
Мэдэж байна залуу минь.. бүү асуу
Нэг л бүсгүйгээр дуусдаг нас гэж байхгүй ч
Нэг л сэтгэлээр дуусдаг нас гэж бий..
Хэлэлцэж зөрөлдөхгүй хосууд байдаггүй ч
Хэн хэнээ гэсэн сэтгэл бас бий…


Хүний амьдрал гэдэг тэгш байдаггү учир
Хөөрхий бүсгүй хүн ч санамсаргүй халтирах нь бий
Халтирч яваа бүсгүйд гараа сунгахын оронд
Хариу нэхэж туслах нь эрийн чанар бишээ
Халамжилж байгаа нэрээр
Хааж боогдуулж хардах нь
Хар гэхээсээ илүү дарлал биш гэж үү
Болох болохгүй нь зааг хүн болгонд өөр ч
Болгоно бүтээнэ гэчихээд устгана гэдэг тэнэг бишүү
Богтолж суухдаа жаргаана гэчихээд
Боол адил доромжилж, хуурах нь хүн чанар мөн гэж үү
Эрчүүд минь дээ ухаантай байл даа
Эмзэг бас Энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…

***Охид минь дээ, ухаантай бай л даа***

Охин заяа гэдэг бурханы хишиг
Олдох нэгэндээ харамгүй заяадаг ч
Огтоос өөр…. Авч явна гэдэг
Нэг л удаа амьдрах гэдэг ганц олдсон боломж чинь юм шүү дээ
Нэрээ хичээж явна гэдэг гартаа шүүрсэн од чинь юм шүү дээ
Үзэсгэлэн төгөлдөр цэцэгс хүртэл өнгө нь гандах хугацаатай байдаг
Үүрээр буусан шүүдэр хүртэл үдийн наранд үгүй болдог
Хамаагүй ээ чи баярха, ганц биеэрээ онгир
Үеийн залуусыг үнэн үгийг өнгө мөнгөнөөс доогуур тавь
Аав шигээ хүнд эрхэл, арбаын шейх шиг амьдар
Өнөө маргаашын зугааг өндөг шиг өөгүй амьдрал гэж бод
Гэхдээ амьдрал хариутай, нэг нас хүртэл тооцоотой
Гадуурхаж гишгэсэн цэцэг шиг үе чинь
Гараа даллаад ч ирэхгүй болоход
Газар дээр заяасан юм бүхэн чинь
Гарцаа байхгүй нүүрээ буруулахад
Өөрийгөө ч өрөөлийг ч зүхээд нэмэргүй


Өдөн дэр нэвт норох
Өөр нэг өдөр ирдэг юмаа….
Зурагтаар гарсан сайхан залууг зугаа цэнгээний газраас чи олохгүй ээ
Зуу зуугаар мөрөөдөх хөрөнгө зүгээр л чамд хүрээд ирэхгүй ээ
Нэгэнт шунасан сэтгэл гэдэг ёроол нь үгүй нүх учираас
Гарна гэж санасаар байтал газрын гүн рүү унасаар л байдаг юм
Нэгэнт хийсэн үйл гэдэг харваж тавьсан сум учираас
Буруу чиглэсэн хорон сум буцаж ирээд зүрхэнд чинь хатгах вий
Олон ангит савангийн дуурь
Амьдрал дээр өөрөөр гардаг юм
Харийн хүнийг дагасан заяа
Хайрцагт хуучирсан тоглоом л болдог юм
Өнгө дагасан амьдрал
Түүн шигээ баян байдаггүй
Мөнгөнд тушаасан бие
Түүн шигээ үнэтэй байдаггүй
Охид минь дээ, ухаантай байл даа ...

2010-08-25


***Хайрын байшин***


Дурлалаараа би суурий нь тавьсан

Дулаалгы нь сэтгэлээрээ нөхсөн



Хайраараа би хана туургы нь босгосон

Харин зүрхээрээ голомты нь асаасан



Үнэнч байсан итгэлээрээ бат бөх барьсан

Үүрд амьдарна гэж чанартай барьсан



Нүдэн хайрын харцаар цонхы нь хийсэн

Нүгэлгүй ариун өнгийг бэлэгдэж цагаанаар будсан
***Бодлого***

Бүрэг зан дээрээ дурлалаа нэмээд
Бүтэлгүй дурлалаа үүнээс хасаад
Бүгдийг нь үржүүлээд
Бүхний эцэст хуваавал хариу нь хайр байлаа

Гарсан хариугаа өөр дээрээ нэмээд
Ганцаардсан сэтгэлээ түүнээсээ хасаад
Эцэст нь бүгдийг нь хуваагаад
Эргүүлээд үржүүлвэл хариу нь дурлал байлаа

Хайр дурлал хоёроо нэмээд
Хагацал гуниг хоёрыг хасаад
Харин энэ бүгдийг хуваагаад
Хамгийн сүүлд үржээд үзвэл хариу нь амьдрал байлаа

2010-05-08

Зүрхэнд минь байгаа түүний орон зай

Зүсрэх бороог надаас оруулна

Нүднээс гарах сэтгэлийн илрэл минь

Нүүрэндээ инээх ч зүрхэндээ шаналсных

Дусал бүрийх нь үнэ цэнэ

Дуугүй урссан дурсамж ,өнгөрсөн бүхэн минь

Хар дарсан зүүд шиг өдрүүдийг

Харанхуй байсан тэр л мөчүүдийг

Нулимсаараа би дэрээ угаасан

Нойтон зүрхнээс гарсан гомдол бүхэн нь

Норсон дэрээс минь нэвт үнэртдэг

Харамсаж, ухаараагүй бүгдийн төлөө

Ханатлаа гаргасан ч дуусаагүй чиний төлөө

Нууцхан унагсан нулимс минь үнэтэй

Нуугдаж хоцорсон чиний дүр хий хоосон

Тэр л нулимсаар өөрийгөө тайвшруулж

Тэр л дуслуудад чиний хоолой сонстоно

Өршөө, уучил гэж мянгантаа уйлавч

Өөрөөс минь урсана өршөөл бүхэн минь

Нулимсаар минь өнгөрсөн бүхэн урсаж байна

Нулимсаар минь чи бүхэлдээ урсаж байна

2010-04-11

Сэтгэлдээ хэн нэгнийг тээж

Чин сэтгэлээсээ хайрлах сайхан

Сартай тэнгэрийн одод доор

Тэрнийхээ тухай бодох сайхан

Удаан биш ч гэсэн жаргалтай мөчөө бодож

Урдах амьдралдаа сэтгэл дүүрэн алхана

Удахгүй уулзана гэж өөрийгөө зоригжуулж

Урсах цагийг үл хайхрана...





Бодол зөөлөн гуниг хөвөрч

Бороо зөөлөн шивэрнэ

Сэтгэлд зөөлөн бодол ирж

Сэрүүн салхи зөөлөн шивснэ

Холын холд суугаа чиний минь

Хонгорхон биений чинь үнэр ханхлах шиг

Чамайг санасан сэтгэлийн гүнд

Чангаас чанга хонх цохих шиг...







Чамайг харсан мөч

Чамтай танилцсан мөч

Чамайг хайрласан мөч

Чин сэтгэлийн минь гүнд шигдээстэй...

2010-03-25

Бороотой үдэш

Бороотой үдэш гудманд ганцаараа
Бүтэлгүй хайрын бодолтойгоо бүдчин уналаа
Гараас минь өргөн дээш татах хүнгүй учир
Гансарч хэсэг газар суулаа

Гудмаар урсах борооны ус жиндүүлэвч
Хаяад явсан таны сэтгэл илүү жиндүүлнэ
Харанхуй дунд хэн нэгэн гарч ирээсэй гэж
Хачин тэнэг зангаараа дахин дурлахыг хүснэ

Хаширдаггүй энэ зангаа үзэн ядаж
Харанхуй гудамжинд суун үүр цайхыг үзлээ би...

Д.Болор

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар

Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар

Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар

Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар

Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар

Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

Л.Өлзийтөгс
Навчис хөглөрсөн гудмаар
Яахаа үл мэдэн ганцаар алхана
Нимгэн уйтгар зүрхэндээ тээн
Доголон нулимстай чамайг би санана

Жихүүн салхитай өвлийн үдэш
Гудманд ганцаараа алхахдаа
Санасан сэтгэлээ аргадаж
Үнэрийг чинь санахыг хичээнэ

Үнсээд үлдсэн уруулын чинь балыг
Өглөө бүр үгүйлэн сэрдэг
Уулзаж байна гэж зүүдлээд сэрэхдээ
Зөндөө ихээр үгүйлдэг ээ чамайг
Санаж хүлээхийн завсрын тэр эгшинд дурлаж
Саатаж мордохын тэр эгшинд жаргаж
Сэтгэлээсээ инээх тэр л эгшинд баярлаж
Салж хагацахгүйн дунд чамайг би хайрладаг
Би чамд “хайртай” гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө үг ч багадана
Чиний төлөө үхэх ч багадана
Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь заяагаа өгнө
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийн өргөн нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна
Хэрвээ би тэнгэр өөд нисчихвэл
Хажуудаа чи намайг үгүйлэх үү?
Хэрвээ би буцаж ирэхгүй алсын алсыг зорьвол
Хичнээн хайртай байсныг минь чи санах уу?

Наран мандахад хажууд чинь сэрэх надгүй бол
Өдөржин чи гунигтай явах уу?
Маргааш надад ирэхгүй болбол
Минийх байсан уруулаар өөр хүн үнсэх үү?

Үдэш болоод ор чинь эзгүйрвэл
Шөнийн зүүдэндээ чи намайг эрэх үү?
Хар дараад сэрэхэд чинь хажууд чинь би байхгүй бол
Харанхуйд ганцаардан тэвэр чинь эзгүйрэх үү?

Алсын алсад нисээд одоход
Амраг минь чи хайрыг минь санах уу?
Аяархан дуудах диваажин тийж ажих ирэхгүй нисчихвэл
Ахиад чи миний хойноос үгүйлж арван тавны сартай ганцаар ханьсах уу?

Хэрвээ би тэнгэр өөд нисчихвэл
Хажуудаа чи намайг үгүйлэх үү?
Хэрвээ би буцаж ирэхгүй алсыг зорьвол
Хичнээн хайртай байсныг минь чи санах уу?

Хайрлан уярах яруу чамд байдаг болохоор

Хамтдаа байхад үргэлж жаргалыг мэдэрдэг болохоор

Хаа ч явсан би чамтай л байж

Хайрын элчийг чамдаа л мэдрүүлэнэ

Би чамд хайртай



2010-03-20

*** Ижий чулуу ***

Ижий гэдэг мөнхийн чулуу
Эмтэрсэн байхыг яая дaа
Үүлтэй нартай хорвоод
Эмзэг байхыг яая дaа

Ижий гэдэг эрдэнын чулуу
Мөнх бишийг яая дaа
Энэрэл шаналалтай тэнгэрт
Мөрөөдөн санахыг яая дaа



Ижий гэдэг халуун чулуу
Хагарсан байхыг яая даa
Өвөлтэй зунтай дэлхийд
Хагацал ирсэнийг яая даa

Ижий гэдэг эвийн чулуу
Байхгүй болсоныг яая даa
Эвлэрч эвдэрдэг амъдралд
Бодогдоод байхыг яая даа
Э.Энхболд : Навч мэт хийсэх бодлууд


Навч мэт хийсэх бодлууд
Нэг л өдөр үстэй минь ороолдож
Навч хийсэх мэт бодлууд
Наян нэгэн эрхэс болон гэрэлтэж
Навч мэт хийсэх бодлууд
Нарны замаар хувь заяаг зураглаж
Навч мэт хийсэх бодлууд
Намрын тэнгэр уйлагнахад шүхрээ дэлгэж
Навч мэт хийсэх бодлууд
Номын тавиур дээгүүр хөглөрч
Навч мэт хийсэх бодлууд
Дэнлүүний минь гэрэлд цохиулж
Навч мэт хийсэх бодлууд
Үзэгний минь хошуугаар тоглож
Навч мэт хийсэх бодлууд
Навч мэт хийссээр

2010-03-19


Уйтгарт өдрүүдээр дүүрэн мөч

Уйлмаар ч юм шиг ганцаардах хором

Утгагүй үргэлжлэх нэгэн хэвийн амьдрал

Удаан хүлээсэн чамайгаа харж үгүй болох юм уу?








2010-03-17

Зүрхээ дараад чамайг л бодох юм

Зүүдээ манаад чамайг л хайх юм

..........


Хүсэл мөрөөдөл

Хүсэл хясал

...........


2010-02-27

Бодлоо чамаар дүүргээд

Бороонд норон гуниглан зогсно

Зүрхээ чамаар чимээд

Зүүдэндээ зөвхөн чиний дүрийг хайна

Ч.Бат-Отгон

2010-02-26

Давалгаа сөрсөн амьдралын

Дарвуулт завьны ахмад нь чи

Дахин олдохгүй амьдралын

Дэндүү сайхан дурсамж нь чи




Чи тэргэл саранд гэрэлтэх цагаан сарнай

Чи тэртээх алсаах гялалзах гэрэлт од

Чи .......


Хүслийг хясал дийлж

Хүмүүнийг ганцаардал ална

Бодлыг гуниг үгүйрүүлж

Болохыг чадахгүй мунхруулна


Чив чимээгүйд

Чиний хэлсэн үг сэтгэлд цуурайтна

Хав харанхуйд

Хаанаас ч юм дүр чинь тодорно



Чи миний зүрхэнд асах гал

Чин сэтгэлийн гэгээн дагина

Тэргэл саранд хүслээ шивнээд

Чинийхээ л төлөө энэ амьдралыг туулна





2010-02-25

Бодол чи

Зүрхэнд бас л чи

Зүүд нойронд минь тээд л чи

Зөвхөн чамайг гэсэн сэтгэл минь

Хязгааргүй ертөнц адил


Ч.Бат-Отгон


Чи миний зүрхний эзэн

Чин сэтгэлийн минь үнэн хайр

Чамайг үгүй бол би яаж амьдрах уу?

Чамайг үгүй бол бол яаж тэмцэх үү?

Чимээгүй ирсэн хайр минь чи

Чимэг гоёлгүй ирсэн дурлал минь чи

Зүрхэнд минь чи үгүй бол

Зүүдэнд минь чи ирэхгүй бол

Би энэ ертөнцөд амьд явсны учир үгүй

Учрал билигдсэн тэр өдөр 2лаа учирсан нь үнэн

Удаан биш ч гэсэн чамайтайгаа жаргалтай байсан нь үнэн

Зүггүй насны гэнэн шохоорол ч байж болно

Зүүдний амьдралын ариун учрал ч байж болно

Чамдаа би чинь дэндүү хайртай болжээ

Чамайг гэсэн зүрх өдөр болгон цохьлох болжээ

Хүсэл минь сэтгэл минь чиний төлөө

Хүрэх газар хаач байсан зөвхөн чиний төлөө

Энэ зүрх минь чиний л төлөө ........

2010-02-14

Би өөрийнхөөрөө байх дуртай

Талхилагдсан газар шиг тахлуулах би дургүй – сэтгэлээрээ

Танхилхан биш эршүүд байх дуртай- өөрийнхөөрөө

Зулгарсан цэцэгс шиг гандах би дургүй- итгэлээрээ

Зугуухнаар дүүрэх шинийн гуравны сар шиг байх дуртай- бодлоороо

Хавартаа сэргээд намартаа хагдардаг өвс шиг байхыг хүсэхгүй-гунигаараа

Хундага дүүрэн мэлтэлзэх гашуун сархад шиг ч байхыг эрмэлзэхгүй -зоргоороо

Хурын ус ч тайлахгүй хайр минь дуусахгүйг гэрчлэнэ би – чамдаа

Хуучирсан ч гэсэн намайг бусдаас илүү хайрлахыг хүснэ би – чамайгаа

2010-01-22

Зовлон жаргал нэгтээ

Зорьсон зорилго ихтэй

Зүгээр л бид андууд

Зүүдэндээ та нарыгаа хайж

Зүрхэндээ та нарыгаа бодож

Зүс зүссээ харж баясаж

Зүггүйтэж явсан андууд

Ч.Бат-Отгон

2010-01-16

Бодол намайг мунхруулж

Болох болохгүйг эргэцүүлж

Бүтэлгүй хайр

Бүтсэн дурлалаа бодож

Бүхэл өдөржин гэеүүрнэ

Ганцаардал намайг зовоож

Гашуун бүхнийг мэдрүүлж

Гал халуун дурлалаа

Ганц биш шөнө нойргүй хононо










2010-01-10



Чамдаа нууцхан хүслээ шивнэе

Чинийхээ төлөө гэж чин сэтгэлийн үгээ шивнэе

Зүрхэнд минь чи байдаг болохоор

Зүүдэнд минь чи ирдэг болохоор

Дүрийг чинь би сэтгэлдээ тээж

Дөлгөөн харцаараа чамайгаа л хайна.

Чамайгаа л гэж би чамайг хайрласан болохоор

Чамдаа л гэж би чамд сэтгэлээ зориулсан болохоор

Хайрын гал унтрахгүй ээ хайраа итгээрэй

Хүлээсэн сэтгэл минь хөрөхгүй ээ хайраа ирээрэй

Ч.Бат-Отгон


2010-01-09



Хүслийн одыг сэтгэлдээн тээгээд
Хайрт чамайгаа орхиод явсан
Аз жаргалыг эрэн бадарчлаад
Алаг үрээ үнсээд явсан

Тэр өдөр бороотой байсан
Тэнгэр хүртэл уйлж байсан

Амталж үзээгүй жаргалыг
Алган дээрээ бөмбөрүүлнэ гээд
Хайрлаж байсан цэцэгээ
Харамлахын диваажинд цэнгүүлнэ гээд
Харь нутгын чулууг бараадсан

Тэр өдөр хэцүү байсан
Газар хүртэл хатуу байсан

Гэхдээ...
Он цаг биднийг орхиод л
Оломгүй амьдралд живүүлээгүй ээ
Эрээд олох жаргалаа
Эрмэлзэх хүслээсээ шүүрдэнэ.

Тэгэхэд...
Тэр өдөр халуун байх...
Тэнгэр хүртэл цэлмэг байх...
Тэр өдөр дотно байх...
Газар хүртэл зөөлөн байх...

Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.
Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд
Алсыг зорихдоо жижигхэн завь хөлөглөн
Залуур нь болж явахад
Урам хайрласан хүчээр cэлүүр нь болж явсан
Чиний итгэл бидний итгэл байсан
Алдаж онох хорвоогийн гүн далайн ёроол руу
Аз жаргалыг хайн шумбан ороход
Сувдаан бусдаас харамласан хясаа мэт
Чиний сэтгэл миний дотор амьдарч
Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна.

Зүрх буруугүй хайр гэж байдаг болохоор
Зүүдэн учирал шиг бүсгүй чамайгаа ингэж бодлоо

Хэрвээ чи цэцэгхэн байсан бол
Хонхорцог дотор чинь зөгий болон шигдээд
Өдөр хоногыг мартаж дурлалд мансуурах байлаа

Хэрвээ чи усны шувуу байсан бол
Мэлтэлзэн инээмсэглэх нуурын мандал болоод
Давалгаагаараа бүүвэйлж зунжингаа эрхлүүлэх байлаа

Хэрвээ чи гариг байсан бол
Дагуул болон эргэлдэх жижигхэн ертөнц болоод
Мөнхөд,мөнхөд дурлалцах байлаа.
Зүрх буруугүй хайр гэж байдаг шүү,бүсгүй минь!





***Сэтгэлийн гар***

Анх хөлд ороход минь гараараа дэмжсэн

Аав ээжийнхээ сайхан хайрыг нэг санаарай!
Амьдралд эхэлж хөл тавихдаа
Атгаан зангидаж битгий алхаарай!

Хөрж бээрсэн анд найзынхаа
Хөхөрсөн гарыг нь нэг атгаарай!
Нөхөрлөл итгэл дээр тогтдогыг
Найз чинь тэгэхэд итгэнээ.

Ядарч тэнхэл алдарсан нэгнийхээ
Ядруухан мөрөн дээр нь нэг алгадаарай!
Урагшгүй болсон бүхэн нь
Урамаар ахидагыг ойлгож ухаарнаа.

Хайрт ханийнхаа дулаахан гарыг нь
Халуун цээжиндээ нэг тавиарай!
Хал үзээгүй сэтгэл нь уярахыг
Хат суусан зүрх чинь мэдэрнээ.

Алаг үрийнхээ баяр баясгаланг
Атган барьж өндөрт өргөөрэй!
Алсдаа үр чинь сайн хүн болж
Ачыг тань хариулахыг харнаа.

Хөгшин бууралуудынхаа сэтгэлийг
Хоёр гараараа тулж түшээрэй!
Хүүхэд шиг болсон тэдний хайр
Ухааралд чинь дусал нэмэрлэхийг мэднээ.

Ер нь тэгээд зүдэрсэн бүхний
Эвэршсэн гарыг нь нэг бариарай!
Эв нэгдэлийн сэтгэл зүрх
Энэ хоёр гарт чинь буйг үзнээ.

Амьдралд таарах нугачаа болгоноо
Алгаараа та,эвлүүлж илбээрэй!
Аз жаргалд хүргэх түлхүүр
Арван хуруунд чинь бий шүү!
***БИ***
Би...
Дотоод сэтгэл минь галтай байвал
Гадаад ертөнц маань гэрэлтэйд итгэдэг.
Би...
Амьдрал хэмээх ахуйд халуун сэтгэл оршвол
Аз жаргалыг сэтгэлийн минь харц олдогт итгэдэг.
Би...
Дулаан сэтгэлээр тус бусдад хайрлавал
Сайн сайхан амьдрал удаан тогтдогт итгэдэг.
Би...
Сэтгэл сэтгэлээ нэгэн цогц болговол
Хайр хайраа хайрладагт итгэдэг.
Би...
Эгэл бүхэнд сэтгэлийнхээ дулаан харцыг өгвөл
Өнөөдрийн нар хувь тaвилaнг маань ээдэгт итгэдэг.
Би...
Хайраар хүн болж хайраа бусдад өгөх нь
Хүмүүний л хийх үйлс гэдэгт итгэдэгээ.

***Чи***

Чи...
Анхилам улаан сарнай шиг

Өөртөө намайг татаж

Халуун зүрхээрээ


Xaцpaa улайлган байж


Би чамд хайртай гэж

Лугшиж хэлдэг


Чи намайг чимээгүй хайрладаг


Чи...


Хөгжмийн уянгалаг эгшиг шиг


Өөртөө намайг татаж


Хайр дурлал дүүрсэн сэтгэлээр


Харцаа гэрэлтүүлэн байж


Би чамд хайртай гэж


Нүдээрээ хэлдэг


Чи намайг чимээгүй хайрладаг

***Нойр хулжсан шөнө***

Нойр хулжсан шөнө би

Найраг холбон бичлээ

Надтай хамт байсан мөчийг чинь

Найруулж холбож бичлээ

Удаан биш ч гэсэн жаргалтай байсан мөчөө

Уран яруу биш ч утга төгөлдөр холболоо.

Нойр хулжсан шөнө

Нэг л зүйлд надаа дутуу санагдаж

Нэг л хүнийг би сэтгэлдээ бодож

Нэг мөсөн яваагүй болохоор очно гэж өөрийгөө тайтгуулж

Нэгэнт л амласан болохоор хүрнэ гэж өөрийгөө зоригжуулна.

Нойр хулжсан шөнө

Чиний минь дөлгөөн инээмсэглэл надад харагдаж

Чихэнд чинь шивнэсэн үг минь цуурайтаж

Чин сэтгэлээ чамдаа өгч

Чиний л төлөө гэж амласан болохоор хүрнэ гэж өөрийгөө урамшуулна

Нойр хулжсан шөнө

Хөнжилдөө орогдоод хөдлөхгүй хэвтсэн ч

Хөндий цээжинд минь чиний төлөө зүрх тийчилж

Хэзээ чамдаа очихоо мэдэхгүй сэтгэл өвдөж

Хөөрхөн төрх булбарай царайг чинь төсөөлсөөр

Харанхуйн нам гүмээр хань хийж

Хөрвөөсөөр байж өглөөг угтлаа

Ч.Бат-Отгон












Монгол

Холын холоос зэрэглээтэн харагдах

Тал нутгийн үзэсгэлэнтэй

Холхи газраас нүүрэглэн сонсдох

Адуун сүргийн төвөргөөнтэй

Хоёрхон чавхдасаараа хорвоог уяраасан

Аялгуу төгөлдөр морин хууртай

Холын гийчин үдлэн буухад

Амраагаад мордуулдаг зочломтгой зантай

Хэзээ мөнхөд дуурсагдсаар ирсэн

Аугаа их өвгөдийн түүхтэй

Хөх тэнгэрээс заят ХӨХ толботон бид

Азийн цээжинд цохьлох халуун цуст МОНГОЛЧУУД

Ч.Бат-Отгон





***** Ганцаардал *****



Хайрын шархандаа халуурч

Халуун итгэл сэмрэн алдарч байхад

Харцны гэгээ татарч

Хоосон нүд дуугаа хурааж гунихад


Зүрхний битүү шаналандаа

Ухаан балар алхсаар

Зөн далласан

Хэмжээсгүйн гүнд ирсэн.


Зовлонт таван мэдэрхүй

Амир бүүвэйнд нь зүүрмэглэж

Зохист тайтгарлын тэвэрт

Аяндаа дасах болсон.


Тас харанхуйг ширтэн

Таавар таалцан суугаад

Харанхуйд хараа орсон


Таг чимээгүйг чагнан

Аниргүйд живсээр

Таалалт хэмнэлд автсан


Тайлагдашгүй нууцаар сэрэгдсэн

Төсөөллийн шидэнд ховсдуулж

Утгын амтанд орсон


Дөрвөн мөч таван мэдэрхүйгээс сугаран

Харь сэрлийг хүртсэн.


Би, хагацлын үлдээсэн ганцаардалд

Дахин төрсөн хоёр нутагтан.

Биёлэшгүй төгсийг эс олоод

Биёээ мартсан даяанч.


Харанхуйн гэрэлт шувуудаа

Догдлолт мөчиртөө бүчүүлж

Хачин яруу ганганаанд нь

Эрхшээгдэж үр олоод


Оюун-сэрэхүйгээ шимүүлэн

Сэтгэлдээ ураглан тээсэн

Охь исгэлэн жимсээ л харин

Орчлонд унагах мод оо.

Л.Санждорж

2010-01-08



Болмоор...

Өвөл дотор би амьдарч
Өвөл миний дотор амьдардаг
Маргаашийн орох цасны ширхэгт шингэж
Мэлмэрэх тэнгэрийн цагаан нулимас болмоор...

Хаврын цэцэгсийн үндсийг тэтгэх
Хайр шингээсэн цасан ширхэг болмоор
Энэ л бие эд эсээрээ газарт уусан нэгдэж
Ирэх хавар хүмүүсийг баярлуулах цэцэг болмоор...

Цэнхэр хаврын яргуй болж бие ээ үлдээчихээд
Цээжний гүн дэхь гуниганд чинь хань болгож
.................шүлгээ үлдээчихээд
Зул мэт шатан ариусаж, дотроосоо гэрэлтээд
Зөн татсан мөнхийн гэгээтэй нийлж гэрэл болмоор...

2010-01-04

Хайрын гоё мөртүүд



Хайрын мөртүүд

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
* * *

Хайрандаа чи намайг дасгасан

Хоолойндоо чи намайг шингээсэн

Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

Зүүдэндээ чи намайг өмчилсөн

* * *

Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

# # #

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?

Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?

Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?

Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?

# # #

Дураараа чамдаа эрхлэх гэж

Дуртай үедээ үнсэх гэж

Хамтдаа алхаад инээх гэж

Хааяа санаад уйлах гэж

Чамдаа би зоргоороо дурлахсан

Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х

* * *

Чинийхээ дэргэд байгаад л баймаар

Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар

Дуу хоолойг чинь сонсоод л баймаар

Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар

* * *

Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн

Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан

Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн

Зөвхөн чамаар хайрлуулахсан

* * *

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор

Бусдад дурлахаас би эмээдэг

Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор

Хааяа би хайраас айдаг

* * *

Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй

Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй

Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ

Нээрээ би чамд дэндүү дасжээ...

2010-01-03

Жинхэнэ хайрын 10 нууц

Жинхэнэ хайрын 10 нууц

1 дэх нууц - Бодол санааны хүч
Жинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хүч болно. Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дүүргэнэ, түүнтэйгээ л адил хүн байна. Хайр дүүрэн бодол санаан нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл үнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдийн тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнйихээ хүсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ түүнйигээ олж танихад тусална.

2 дахь нууц - Хүндэтгэлийн хүч
Жинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хүндэтгэлийн хүч болно. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнйиг хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд ” Надад хүндлэхээр юм юу байна? ” гэж өөрөөсөө асуу. Бусдыг хүндлэх, ялангуяа өөртөө таалагддаггүй хүмүүсийг хүндэлж сурахын тулд ” Тэдний юуг нь би хүндэлж байна вэ? ” гэж өөрөөсөө асуу.

3 дахь нууц - Өглөгийн хүч
Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол өглөгийн хүч болно. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал зүгээр л өгөх ёстой! Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг. Сайн үйлийг зүгээр л бүтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хүнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө түүнд юу өгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зүйлдээ биш, өгч чадах зүйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.

4 дэх нууц - Нөхөрлөлийн хүч
Жинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь нөхөрлөлийн хүч болно. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнйиг яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго.

5 дахь нууц - Хүрэлцэхийн хүч
Жинхэнэ хайрын тав дахь нууц нь хүрэлцэхийн хүч болно. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм. Хүрэлцэх нь хүмүүсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.

6 дахь нууц - ” Эрх чөлөө олгох ” зарчмын хүч
Жинхэнэ хайрын зургаа дахь нууц нь “Эрх чөлөө олгох” зарчмын хүч болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хүмүүст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндүүрлээс чөлөөлөгдөх гэсэн үг.

7 дахь нууц - Харьцахын хүч
Жинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хүч болно. Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань өөрчилөгдөнө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь түүнтэй сайнаар харьцана гэсэн үг юм. Та хүмүүсйиг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. “Би чамд хайртай” гэсэн гурван шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнйиг сүүлчийн удаа харж байж ч болно. ” Хэрвээ чин удахгүй үхэх болоод хүссэн хүн рүүгээ утасдах боломжтой байсан бол хэн рүү утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо үүнйиг хийж яагаад болохгүй гэж?”

8 дахь нууц - Үнэн ч байхын хүч
Жинхэнэ хайрын найм дахь нууц үнэн ч байхын хүч болно.
Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнээ орхих хувилбар хэзээч байх ёсгүй. Yнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.

9 дэх нууц - Хүслийн хүч
Жинхэнэ хайрын ес дэх нууц нь хүслийн хүч болно. Дур хүсэл нь хайрыг бадраан, унтраахгүйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хүсэл нь зөвхөн бие махбодийн сонирхолоор биш, тууштай үнэнч чанар, урам зориг, үнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хүслийг мэдэрч байсан тэр үеэ эргэн санаж сэргээх замаар түүнйиг дахин асааж болно. Гэнэтийн зүйлс, гэнэтийн бэлэг нь дур хүслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.

10 дахь нууц - Итгэлийн хүч
Жинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хүч болно. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Түүнгүйгээр нэг нь хардамтгай, түгшүүр, болгоомжлолоор дүүрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгүй байна гэж бодсоноор сэтгэл зүйн занганд ордог. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгүй юм шигээр амьдар. Тухайн хүн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: ” Би түүнд ямар ч болзолгүйгээр бүрэн итгэж байна уу?” гэж өөрөөсөө асуух явдал юм. Хэрвээ хариулт нь ” үгүй ” гэж байвал үүрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод



Н.Минжинсайхан : Дусал гуниг


Намар буцсан шувууд хаврыг авчирахаар явсан
Насаа тайлсан өвөө минь аавтайгаа уулзахаар одсон
Намайг орхисон бүсгүй ухаан суухаар явсан
Найргийн шат нэмэхээр надаас бүгд холдсон
Тоодон дээлээ орхиод хүүхэд нас минь явсан
Том оо сууж эр болноо хэмээн анд минь цэрэгт мордсон
Тоомгор алаг нүдэнгүүд айлын болоод явсан
Тоонот гэрийн минь дээгүүр шувууд ч нисэхээ больсон


Аяс аясхан би санаа алддаг болсон
Амргийн дуу аялаж хоосон мөрөөдөх болсон
Тэгэвч
Аягатай цайны шилбэ хааяа нэг өндийж
Алаг шаазгай үе үехэн шагширахад
Надаас явсан бүхэн ирэх юм шиг санагдаад
Нар сарыг тэнгэрт нь олон удаа би аргамжсан
Уулс давсан шувууд хаврыг надад авчирсан
Уртхаг шөнийн зүүдийг минь өвөө минь эргэдэг болсон
Тоглодог байсан чулууд гэнэн насыг минь санагдуулж
Том оо суусан анд минь хурим найраа товлосон ч
Холыг зорьсон чи минь ирээгүй л байна даа одоо.